Сүүлийн үед УИХ-ын чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгааг шүүмжилж УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ. Тэрбээр "МАН сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө эрх зүйн шийдэл, хууль журам болгох шаардлагатай. Үүнийг УИХ-ын чуулганд идэвхтэй оролцож байж хийх ёстой. Гэтэл олонхын бүлэг сүүлийн үед УИХ-ын чуулганд ирцээ бүрдүүлж чадахгүй байна.
Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байгаа. Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Асуудалд ингэж хандаж болохгүй. Гишүүд гадаадад зугаалдагаа зогсоож, ажлаа хиймээр байна.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болго. Орон нутгийн болон ардчиллыг гажуудуулсан асуудалд Ерөнхий сайд хуруу дүрж байна. Өөрөөр хэлбэл, Архангай аймагт иргэдийн хурал олонхоороо нэр дэвшүүлсэн, бүх шалгуурыг хангасан В.Мөнхбатыг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан. Энэ мэт тухайн орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байна. Та нар эрх мэдлээр хахаж байгаа. Ийм үедээ нэг аймаг, нэг сумын эрх мэдлийг хязгаарлаж битгий онигоонд орооч. Тухайн аймгийн 10 гаруй сумд зудын аюул нүүрлээд байна. Тэд ажлаа хиймээр байтал энэ мэт эрх мэдлээ ашиглаж бусад хүмүүсийн ажлыг алдагдуулж болохгүй. Иргэд даарч, өлсөж байна.
Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна" гэлээ.