Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээллээ. Манай улс энэ жил 376.3 мянган га талбайгаас 417 000 орчим тонн үр тариа, үүнээс улаан буудай 393 600 тонныг хураан авчээ. Бас төмс 215 500, хүнсний ногоо 146 800 гаруй тонныг хураан авсан аж. Мөн 61 500 тонн тэжээлийн ургамал, 45 700 орчим тонн тосны ургамал бэлтгэсэн байна. Энэ нь 2021 оныхоос хураан авсан төмсний хэмжээ 18.7, хүнсний ногооных 23.7 хувиар өссөн дүн аж. Түүнчлэн ахуйн нэгж, иргэд 329 000 мянган га талбайд чанар сайтай уринш бэлтгэсний 149 800 орчим га-г нь дэвшилт технологи ашиглан боловсруулсныг ХХААХҮЯ-наас дурдлаа. Одоогоор шинэ ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 000 тонн улаан буудай худалдан авсан гэнэ. Тариалан эрхлэгчид ирэх жилийн тариалалтад зориулж 48, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн будаа нөөцөлсөн аж. Бас мал, амьтны тэжээлд 70 000, спиртийн үйлдвэрүүдэд 15 400 тонн будаа нийлүүлжээ.