Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой багц шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээлээ гэж үзэж буй аж. Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дүрэмд ч нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ нь тэдгээрийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасны мөрөөр хийж буй ажил юм байна. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Мөн тус компанид хэрэгжүүлж байсан концессын гэрээг цуцалсны дараа хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна.
Үүнээс гадна “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг энэ оны эцэс гэхэд зогсоож, “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэхээр шийдвэрлэв. Ингэснээр тус компанийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5.6 тэрбум төгрөгийг хэмнэх гэнэ. Харин “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлэхээр болов. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм байна.
Энэ өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байв. Тэрбээр тус компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард уг албанд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. Ийн удирдлагын багт шинэчлэл хийхдээ О.Хуланг “Эрдэнэс Монгол”-ын ерөнхий менежер болгожээ.
Бэлтгэсэн Б.Уран