Өчигдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн (ХААДС) Хархорин, Угтаал, Булган, Хөтөл, Сэлэнгэ дэх салбарт 191 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс 25.5 мянган тонн улаан буудай авчээ. Тодруулбал, өр төлбөрт 149 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс 9.4 тэрбум төгрөгийн 10.8, худалдан авалтаар 122 иргэн, байгууллагаас 13.1 тэрбумын 14 гаруй мянган тонн улаан буудай хүлээн авсан аж. Ташрамд дурдахад, тус сангаас газар тариалан, мал аж ахуй, техник, тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэгт хамрагдан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй буюу хугацаа хэтэрсэн зээлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд шат дараалсан арга хэмжээ авч эхэлжээ. Үүний хүрээнд Монголбанктай хамтран тус банкны мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсэн аж. Дээрх сангийн хэмжээнд давхардсан тоогоор 12 мянга гаруй зээлдэгч бий бөгөөд эхний ээлжид 3400 орчим хүний мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэн оруулжээ. Цаашид бүх зээлдэгчийг хэвийн, анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ангилалд ялгаж бүртгэх ажлыг үргэлжлүүлэх нь. Хэдийгээр муу ангилалд шилжсэн ч зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэн, аж ахуйн нэгжийг хэвийн ангилалд шилжүүлэх гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор