Нийт сонгогчийн гурваас дээш хувийн санал авсан намд төсвөөс буюу төрөөс санхүүжилт олгохоор Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад буй аж. Ингэхдээ нийт сонгогчийн тоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээс хэтрүүлэхгүйгээр улсын төсвөөс жил бүр хуваарилах гэнэ. Энэ мөнгийг намуудад хуваарилахдаа тэдний парламентад авсан суудал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан квот (өдгөө 20 хувь)-оос илүү нэр дэвшүүлсэн, сонгогдсон эмэгтэй (хөгжлийн бэрхшээлтэй иргэн)-н тоог харгалзах аж.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар жишээ авъя. Энэ үед нийт сонгогч 2 003 969 байв. Дээрх босгыг давахын тулд улс төрийн нам дор хаяж 60 120 сонгогчийн санал авсан байх ёстой. Уг сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл оролцсоноос тав нь л нийт сонгогчийн гурваас дээш хувийн санал авсныг инфографикаас харж болно. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийн дагуу өдгөө МАН, АН, “Зөв хүн-Электорат” болон “Та, бидний эвсэл” л төрөөс санхүүжилт авах эрхтэй. Энэ нь УИХ-д суудалтай намуудын сонгуулиар авсан санал тус бүрийг 1000 төгрөгөөр үнэлж, тэдэнд нэг удаа олгодог, парламент дахь суудлынх нь тоогоор буюу гишүүн тус бүрт жилд 10 сая төгрөгөөр тооцож төсвөөс өгдөг мөнгө юм. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, гурван хувийн босго тогтоочихвол одоо УИХ-д суудалтай дөрвөөс гадна ШИНЭН нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-аас бүрдсэн “Шинэ” эвсэл 206.5 мянган санал авснаараа төсвийн санхүүжилт авах эрхтэй болохоор байгаа юм.
2012 оны сонгуулийн үзүүлэлтүүдийг харъя. Тухайн үед нийт сонгогч нь 1 840 824 байжээ. Үүний гурван хувь буюу хамгийн багадаа 55 225 санал авч байж төсвөөс санхүүжилт хүртэх нь. 11 нам, хоёр эвсэл оролцсон тус сонгуулиар авсан саналаас нь харвал МАН, АН, ИЗНН, МАХН болон МҮАН-ын “Шударга ёс” эвсэл л дээрх босгыг давахаар байна. Эдгээр нь дээр дурдсан, “суудлын” болон “саналын” гэх тодотголтой мөнгийг 2012-2016 онд авсан нам, эвсэл юм. “УИХ-д суудалтай намууд” гэж шууд ялгаагүй л болохоос гурван хувийн босго тавьснаар төсвөөс санхүүжилт авах намуудад зарчмын өөрчлөлт гарахгүй байж мэдэх дүр зураг эндээс ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийн адил, авдаг хэдэд нь л төрийн мөнгө очих бололтой. 1992 оноос хойш найман удаа ээлжит сонгууль явуулахад сонгогчийн тоо тогтмол өсөж, хамгийн багадаа 30 мянга, ихдээ бараг 300 мянгаар нэмэгдэж буй. Үүний хэрээр саналын босго өндөрсөж, давж чадах намын тоо олшрох, эсэх нь эргэлзээтэй.
Гэхдээ 180 орныг хамруулсан Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн хийсэн судалгаанд дурдсанаар парламент дахь намуудын суудлын тоог харгалзахаас илүүтэй саналын хувь, хэмжээг нь бодолцож, төсвөөс санхүүжилт олгодог нь олон аж. Тухайлбал, нийт сонгогчоос Унгар, Болгар, Австри, Францад нэг, Япон, Канад, Мексик, Латвид хоёр, Норвегт 2.5, Орос, Чех, Польш, Литвад гурав, Австралид дөрөв, Туркт долоо ба түүнээс дээш хувиар санал авсан намууд төсвөөс дэмжлэг авах эрхтэй болдгийг бид өмнө нь дурдаж байсныг сануулъя. Үнэхээр ч нийт сонгогчоос нь тооцож, босго тогтоох нь намуудад арай ээлтэй байж мэдэх юм. Жишээ нь, өнгөрсөн сонгуулиар УИХ-д нэг суудалтай болсон “Зөв хүн-Электорат” эвслийн авсан нийт санал нь 207 381. Тэгвэл үүнээс мянга хүрэхгүй зөрүүтэй санал авсан “Шинэ” эвсэл УИХ-д суудалгүй учраас өнөөдрийг хүртэл төсвөөс санхүүжилт аваагүй, авах ч эрхгүй.
Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Үүний нэг хувийг нийт сонгогчийн тоо (2020 оны сонгууль)-гоор үржүүлбэл 8.4 тэрбум болох нь.
Өөрөөр хэлбэл, дээд тал нь 8.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс жил бүр намуудад хуваарилна гэсэн үг. Шинэ он гарангуут хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно. Цаашид ч нэмэгдэнэ. Тиймээс дээрх санхүүжилт өсөх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, намуудад олгох төсвийн санхүүжилт одоогийнхоос хавьгүй нэмэгдэнэ гэсэн үг. Учир нь сүүлийн дөрвөн сонгуулиар УИХ-д суудалтай болсон нам, эвслүүдийн авсан саналд нь үндэслэж улсын төсвөөс 8.6 тэрбум төгрөг өгөөд буй. Мөн парламентад авсан суудлынх нь тоогоор буюу гишүүн тус бүрт жилд 10 сая төгрөгөөр тооцож өгдөг мөнгө нь 2008-2024 онд нийтдээ 12.1 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа билээ. Тодруулбал, “суудлын мөнгө”-нд жилд 760 сая буюу нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд гурван тэрбум орчим төгрөгийг төсвөөс намуудад өгдөг гэсэн үг.
Ийнхүү санхүүжилтийг нь нэмэгдүүлж байгаа тохиолдолд хэрхэн хяналт тавьж, зарцуулалтыг нь “шилэн” болгох вэ. Үнэндээ өнгөрсөн хугацаанд энэ мөнгийг ямар ч хараа хяналтгүй зарцуулж ирсэн шүү дээ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар ямар нам хэдэн төгрөг авахыг сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-наас өмнө тогтоож, нийтэд мэдээлэх аж. Өөрөөр хэлбэл, эл хөрөнгийг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт багтаан баталж байх юм байна. Ингэхдээ дээрх мөнгийг тухайн намын төв байгууллагад нь жилд хоёр удаа хуваан олгох гэнэ. Өдгөө мөнгийг нь улирал тутамд шилжүүлж буй. Гэхдээ дарга нь намынхаа санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг уг хуулиар хориглохоор заажээ. Сонгуулийн ерөнхий хороо намуудын санхүүжилтийг зөв тооцож олгосон, эсэхийг төрийн аудитын байгууллага нь хянах аж.
Мөн намуудад төрөөс олгох санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг нь эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцоог хангах, 30-аас доошгүй хувийг нь гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах ёстой хэмээн заажээ. Түүнчлэн 15-аас доошгүй хувийг нь намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Авсан мөнгөө хуулийн дагуу, хэрхэн зарцуулсан талаарх тайланг намууд хагас жил тутамд гаргах үүрэгтэй байхаар дээрх төсөлд заасан байна. Тайландаа намын дэргэдэх болон харьяа, дунд, доод, дээд гээд бүхий л шатны байгууллагын санхүүгийн мэдээллийг багтааж, аудитаар баталгаажуулах ёстой аж. Үүнийг биелүүлэхгүй бол тухайн намын авсан саналд нь үндэслэн олгож буй санхүүжилтийг хасаж, олгохгүй гэнэ.
Түүнчлэн намууд хандивлагчдын талаарх мэдээллээ улирал бүр олон нийтэд мэдээлэхгүй бол тухайн хугацаанд хамаарах хагас жилийн санхүүжилтийг олгохгүй хэмээн заажээ. Ингэхдээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс давсан үнийн дүнтэй, мөнгөн бус хандивыг тайландаа заавал тусгахаар оруулсан байна. Энэ төрлийн хандивт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөө ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх, ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх, төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, аливаа арга хэмжээний зардлыг төлөх гэх мэт зүйл хамаарах юм. Мөнгөн хандивын хэмжээ нь хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12, хуулийн этгээдэд 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс хэтрэх ёсгүй гэнэ. Харин төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотойгоор гэрээ байгуулсан бол тухайн тендерт оролцсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд эл иргэн, хуулийн этгээд нь хандив өгөх нь хориотой аж. Одоогийн хуульд “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно” гэсэн заалт бий. Энэ нь хандивын хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг.
Тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сард багтаан сонгуулийн төв байгууллага нь тэдгээрийг УИХ-д мэдээлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо өөрийн цахим хуудсандаа мөн байршуулахаар төсөлд заажээ. Алдаатай, буруу тайлан хүргүүлсэн бол 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан аж.