БНСУ-ын Яньян олон улсын нисэх буудлаар дамжиж 15 хоног визгүй зорчих шийдвэр цуцлагдсан гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэл нь үнэн эсэх талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Одоогийн байдлаар шийдвэр хэвийн үргэлжилж байгаа. Өөрөө хэлбэл, Солонгосын талаас ямар нэгэн мэдэгдсэн зүйл байхгүй” гэх тайлбар мэдээллийг өглөө.
Гэхдээ энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-иас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах аж.
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон билээ. Үүний дагуу Монгол Улсын иргэд ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визгүй зорчих боломжтой болсон юм.
Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж байгаа ажээ. Тодруулбал,
- Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
- Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
- Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
- Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.
Визгүй зорчих хугацаа 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.
Мөн Яньян Олон улсын нисэх буудлаар визгүй нэвтрүүлэх, аяллыг зохион байгуулах аялал жуулчлалын компанийн сонгон шалгаруулалтын хариу гарсан байна. Тухайлбал: https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758293&page=1