Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчид, ХХААХҮЯ хамтран “Монгол мах” чуулган, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өчигдөр зохион байгууллаа. Манай улс жил бүр нийт сүргийнхээ 25 орчим хувийг буюу 13.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг аж. Гэхдээ үүний дөнгөж 5.2 хувийг нь үйлдвэрийн аргаар боловсруулдаг юм байна. Ингэснээр махны хадгалах хугацаа багасан, эрүүл ахуйн нөхцөл нь алдагдан, улмаар борлуулах, экспортлоход хүндрэл учирдаг аж. Мөн малын эрүүл мэнд дорой, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж хомс зэрэг нь малчид, үйлдвэрлэгчдийн ашгийг бууруулж буйг чуулганд оролцогчид хөндлөө. “Монголын махны холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Н.Батсуурь “Махны үнэ цэнийг бууруулж буй бас нэг шалтгаан бол малчид, хэрэглэгч хоорондын дундын зуучлагч буюу ченжүүд. Тэд малчдаас авсан мал, махаа үйлдвэрт нийлүүлэхгүйгээр шууд борлуулдаг. Ингэхдээ малынхаа 98 хувийг гар аргаар төхөөрдөг нь хүнсний аюулгүй байдал алдагдах нэг шалтгаан болж буй. Тиймээс юуны түрүүнд нийлүүлэлт, бэлтгэлийн нэгдсэн, нэг тогтолцоо бий болгон, мах, махан бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, улмаар борлуулалтын орлогыг өсгөх хэрэгтэй” гэсэн юм.