“Эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ цаг үед” гэсэн үгийг улстөрчид ам нээх бүртээ хэлж байна. Үнэхээр ч эдийн засгийн нөхцөл хэцүүхэн болсон. Хэдэн жишээ татахад цар тахлаас үүдэж, олон улсын худалдааны тээвэр ложистикийн систем гажуудав. Ингэснээр бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, үнэ ханш нь тэнгэрт хадлаа. Дээрээс нь ОХУ Украин руу дайрсан нь олон улсын харилцааны нөхцөлийг орвонгоор нь эргүүлж, цар тахлын дараа эвэнд нь оруулахаар ядаж байсан тээвэр ложистикийн саатлыг ужгируулав. Олон улсын худалдааны тээвэр ложистикийн саатлаас үүдэж Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дунджаар 14.5 хувиар өсжээ. Эдийн засгийн өсөлт саарсаар байна. Тиймээс иргэдийн орлого нэмэгдсэнгүй. Орлого нь өсөхгүй байх үед бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас иргэд бухимдах болов. Өөрөөр хэлбэл, өндөр инфляц олон нийтийн халааснаас “хулгай хийж” уурлуулж байна. Банкууд зээл олгохоос болгоомжлох болсон нь зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг хумилаа. Мөнгөгүй эдийн засаг өсөхгүй нь ойлгомжтой. Төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.долларын алдагдалтай гарч, манай улсын гадаад худалдааны голлох валютуудын ханш төгрөгийн эсрэг чангаран дарамт болов. Энэ мэтээр эдийн засгийн макро үзүүлэлт сулхан байгаа олон баримтыг дурдаж болно.
Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хэзээ бүрэн арилахыг төсөөлөх боломжгүй. Дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ “Тэг ковид” бодлогоо сулруулсны дараа л олон улсын эдийн засаг, худалдааны нөхцөлд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарч таарна. Энэ бол ойлгомжтой асуудал. Гэхдээ хятадууд хатуу бодлогоо хэзээ зөөлрүүлэх нь бас л тодорхойгүй. ОХУ, Украины дайны нөхцөл хаашаа эргэхийг мөн таашгүй. Даяарчлах үзэл баримтлалын нөлөө олон улсын эдийн засгийг хүчтэй интеграцад оруулсан. Өөрөөр хэлбэл, хоорондоо ихээхэн харилцан хамаарал, уялдаатай болсон гэсэн үг. Тиймээс аль нэг хэсэгт нь хориг, хязгаар тавих, эсвэл саатал үүсвэл дэлхийн эдийн засаг доргидог болжээ. Цар тахал, дайнаас үүдсэн тодорхойгүй, ээдрээтэй нөхцөл 2-3 жилийн дараа цэгцэрч, өмнөхийн адил намжмал байдал үүсэх болов уу гэж төсөөлж байна. Энэ үед буюу 2026 онд Монголын эдийн засаг хурдтай өсөх хугарлын цэг бий болох дүр зураг харагдаж буй юм. Тодруулбал, тухайн үед эдийн засгийн хурдтай өсөлтийн суурь болох олон төслийг манайхан ашиглалтад оруулах товтой байгаа билээ.
Монгол Улс дөрвөн жилийн дараа гэхэд эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлж, хараат байдлаас гарч чадна гэж төсөөлж байна. Манайхан 2026 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийн дөрвөн төсөл ашиглалтад оруулах юм. Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй олон аж ахуйн нэгж бий. Үүнээс зөвхөн ажил нь эхэлсэн дөрвийг нь онцолж буй хэрэг юм. “Бодь интернэшнл” компани Багахангай дүүргийн ойролцоо Бөөрөлжүүлтийн нүүрсний ордыг түшиглэн, 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийнхөө бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тус цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулж, төвийн бүсийн эрчим хүчний системд холбохоор төлөвлөөд буй. Үүнээс гадна “ДЦС-3”-ын хүчин чадлыг 300 МВт-аар өргөтгөх хэлэлцээрийг ОХУ-ын талтай хийж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх нь бараг тодорхой болсныг эх сурвалж дуулгасан. Энэ нь дахин өндөр хүчин чадалтай шинэ цахилгаан станц барихтай дүйх хэмжээний том төсөл гэдэг нь ойлгомжтой.
Нийт 420 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барих суурь судалгааг хийж дуусгасан. Одоо хөрөнгө оруулагчийг нь сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Төлөвлөгөө ёсоор уг станцыг 2026 онд ашиглалтад оруулах юм. Ховд голын Сэжигтийн хавцал дээр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг барих төсөл эхлүүлснийг бид мэднэ. Уг усан цахилгаан станц нь 90 МВт-ын хүчин чадалтай байх агаад баруун бүсийг эрчим хүчээр хангах юм. Одоогоор Ховд, Увс, Баян-Өлгий аймаг ОХУ-ын Алтайн хязгаараас эрчим хүч авдаг. Дээрх дөрвөн станцыг ашиглалтад оруулснаар манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2000 МВт давна. Монгол Улс өдгөө ОХУ, БНХАУ-аас эрчим хүч худалдан авч буй. Дээрх станцуудыг ашиглалтад оруулснаар хоёр хөршөөсөө эрчим хүч худалдаж авах шаардлагагүй болох юм. Үүгээр зогсохгүй үйлдвэрлэлийн томоохон байгууламжуудыг эрчим хүчээр хангах нөөцтэй болно. Эдийн засгийн хөгжлийг боомилогч хүчин зүйлүүд гэсэн ойлголт бий. Эрчим хүчний дутагдал нь Монголын эдийн засгийн хөгжлийг боомилогч хүчин зүйлсийн нэг болоод буй билээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх дэд бүтцийг бүрэн ашиглалтад оруулна. БНХАУ-тай худалдаа наймаа хийдэг ганц боомт одоогоор төмөр замаар иж бүрэн холбогдсон. Тэр нь Замын-Үүд-Эрээний боомт. Ирэх жилүүдэд Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монгол Улс БНХАУ-тай төмөр замаар бүрэн холбогдоно. Хоёр боомт хүртэл төмөр зам тавьж дууссан ч хил холболтыг нь хийгээгүй байгаа. Тэдгээр боомтын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал жилд тус бүр 20 сая тонн байх юм. Тэгэхээр төмөр замаар урд хөрштэй худалдаа наймаа хийх хүчин чадал ойрын жилүүдэд 70 сая тонн болно гэсэн үг. Мөнөөх өмнөд хөршөд жилд 50 сая тонн нүүрс худалдах зорилтоо төвөггүй хэрэгжүүлэх ачаа тээврийн гарцтай болно гэсэн үг.
Манай улс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг урд хөршид уул уурхайн их хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор тавьж буй. Тиймээс төмөр замыг экспортыг нэмэгдүүлнэ гэж харж буй. Дээрх төмөр замуудын хил холболтыг хийж, терминалыг нь байгуулснаар экспортоор зогсохгүй импортын ачаа, транзит тээврийг ч нэмэгдүүлэх боломж бүрдэж буйг дурдах нь зүйтэй. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайтын ордоос Шивээхүрэн-Сэхэ боомт хүртэл 40 км замтай. Хэрэв хурдтай ажиллавал Нарийн сухайтын ордыг Шивээхүрэн-Сэхэ боомттой 3-4 жилийн хугацаанд төмөр замаар холбох бүрэн боломжтой.
Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэл нүүрс тээвэрлэдэг авто замыг дөрвөн эгнээтэй болгох төсөл хэрэгжүүлж буй. Мөн Тавантолгойгоос Ханги-Мандалын боомт хүртэл хатуу хучилттай автозам тавьж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай авто замын эдгээр төслийг 2026 оноос өмнө хэрэгжүүлж дуусгана. Мөн Улаанбаатар хот Дархан-Уул аймгийг холбосон авто замыг дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалтыг дуусгана. Ингэснээр Монгол Улс тээвэр ложистикийн сүлжээ сайтай болох юм. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тээвэр ложистикийн сүлжээ 2-3 дахин нэмэгдэнэ. Энэ нь мэдээжийн хэрэг эдийн засгийн хурдтай өсөлт бий болгох суурь нөхцөл болох нь гарцаагүй.
“Оюутолгой” төслийн гүний уурхайг ирэх жил ажиглалтад оруулна. Гүний уурхайн бүтээн байгуулалт 2028 он хүртэл үргэлжилж бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөө бий. 2026 он гэхэд “Оюутолгой”-н гүний уурхай нэлээд хэмжээний зэс, алт олборлодог болсон байна. Гүний уурхайн хүдэр дэх зэс, алтны агууламж ил уурхайнхаас гурав дахин өндөр. Тэгэхээр ирэх жилүүдэд “Оюутолгой” компанийн борлуулалтын орлого, төсөвт төлөх татвар хураамж, үр өгөөж гурав дахин нэмэгдэх юм. “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төсөл эхлүүлсэн. Ирэх жилүүдэд нүүрс баяжуулах үйлдвэрийнх нь эхний модулиудыг ашиглалтад оруулна. Нүүрсээ баяжуулснаар нэмүү өртөг шингээн, өндөр үнээр борлуулах юм. Дорноговь аймагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 он гэхэд ашиглалтад оруулна. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнийхээ дийлэнхийг дотоодоосоо хангадаг болно. Мөн Дорноговь аймагт “Болд төмөр Ерөө гол” компанийн барьж буй хар төмөрлөг, ширмийн үйлдвэрлэлийн цогцолборыг дээрх хугацаанд ашиглалтад оруулна. Товчхондоо, уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж борлуулдаг болно гэсэн үг. Алтны хэд хэдэн үндсэн ордыг ашиглаж эхлэхээр зэхэж буй. Манай улсын алтны үйлдвэрлэл ойрын үед жилд дунджаар 30 тонн хүрнэ гэсэн төсөөлөл бий.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 он гэхэд 17 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсан. Үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний олон үйлдвэр үүдээ нээнэ гэж төсөөлж байна. Хөдөө аж ахуй, хүнсний салбартай холбоотой өөр нэгэн томоохон төсөл бол Дарханы арьс, шир боловсруулах цогцолбор юм. Жилд 10 сая ширхэг арьс, шир боловсруулах цогцолборыг ирэх дөрвөн жилд дуусгах болов уу. Эл цогцолбор үйлдвэр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөхөд томоохон хувь нэмэр оруулах нь гарцаагүй. Үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг ашиглалтад оруулснаар ажлын байр олноор нэмэгдэнэ. Цахилгаан станц, газрын тос боловсруулах болон хүнсний үйлдвэрлэлийн төслүүд импортыг орлоход онцгой үүрэг гүйцэтгэнэ. Авто болон төмөр зам, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийн төслүүд экспортын орлого, ашигт малтмалын өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Одоо хэрэгжүүлж эхэлсэн, хэрэгжүүлэх нь тодорхой болсон үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт 2025-2026 онд дуусаж, эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлнэ. Тиймээс 2026 оныг Монголын эдийн засгийн хурдтай өсөлтийн хугарлын цэг байна гэж онцолж буйгаа дахин дурдъя. Дээрх төслүүд эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлснээр наанадаж төлбөрийн тэнцэл ашигтай гардаг болж, Монгол Улсын валютын нөөц нэмэгдэн, валютын ханшийн дарамтаас ангижрах юм.