Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор "Гэр хорооллын айл, өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” баталсан. Үүний дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 21:00-04:00 цаг хүртэл чөлөөлдөг болсон. Тэгвэл энэ хөнгөлөлт энэ сараас яагаад хэрэгжиж эхлэхгүй удаж байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны, Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган “2023 оны улсын төсөвт цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг энэ сарын 11-нд оруулж баталсан. Харин эрчим хүчний зохицуулах хорооноос энэ сарын 14-ны өдөр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэрээ гаргасан. Уг шийдвэрийг захиргааны нэгдсэн санд бүртгүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн яам руу холбогдох бичгийг илгээсэн. Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн яам манай гаргасан тогтооолыг хянаад, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэн нийтлэгдсэн өдрөөс эхлэн уг журам хэрэгжиж эхэлнэ.
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт нь тухайн айлын хүчдэлийн түвшнээс хамаараад харилцан адилгүй байдаг. Нийслэл, 21 аймаг болон 10 мянгаас дээш хүн амтай сумын хэрэглэгчдэд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлнэ. Тодорхой хэлбэл, нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В (вольт)-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд сарын 700 квт цаг буюу 87000 төгрөг, 380 B-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд сарын 1500 квт цаг буюу 180 мянга орчим төгрөг хөнгөлнө. Мөн агаарын бохирдолтой тэмцэх, бодлого чиглэлийн хүрээнд зөвхөн гэр хорооллын айл өрхүүд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Харин орон сууцад амьдардаг өрхөд тусгайлсан хөнгөлөлт үзүүлдэггүй” гэх тайлбар мэдээллийг өглөө.
ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн шинжээч М.Мөнх-Алдар “Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ сарын 15- ны өдөр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн тогтоолыг ирүүлсэн. Тус хорооноос ирүүлсэн тогтоолыг хянаад энэ сарын 23-ны өдөр хариуг хүрүүлсэн байгаа. Манай яам дээр шийдвэр удсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, цахилгааны хөнгөлөлтийн тухай тогтоолыг захиргааны нэгдсэн санд бүртгэсэн. Харин одоо захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” гэж хэллээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар ирэх сараас эхлэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өмнө нь хэрэгжиж байсан журмын дагуу хөнгөлөлт үзүүлэхээр болсон гэх мэдээллийг өгсөн юм.