Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-д айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд тэрбээр БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сөн Хотой албан уулзалт хийж, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, чадамжийг нэмэгдүүлэх, улмаар төрийн бүтээмжийн талаар ярилцсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгох талаар тодорхой тусгасан байдаг.
БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамтай төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр 2019 оноос хамтран ажиллаж, нийт 19 үйл ажиллагааг хэрэгжүүлж, хамтарсан уулзалтуудыг хийжээ.