Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төвлөрлийг бууруулах хүрээнд гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр "Төвлөрлийг сааруулах ажил бол миний мэргэжлийн ажил гэж болно. Би чинь төрийн удирдлага, захиргааны чиглэлийн хүн. Төвлөрлийг сааруулах бодлого бол хамгийн том малгай нь юм. Төвлөрлийг сааруулах бодлого нь дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь улсын хэмжээнд, нөгөөдөх нь Улаанбаатарын хүрээнд ярьж болно. Энэ бол эрх мэдэл, үйлчилгээг задлах тухай асуудал юм.
Одоо бидэнд ямар асуудал үүсчхээд байна вэ гэхээр үйлчилгээний төвийн бөөгнөрөл, хүн ам, машины хэт төвлөрлүүд үүсчхээд байгаа. Үүнийг задлах асуудлын хүрээнд Улаанбаатар хотын тэнцвэргүй байдал юунд үүсээд байна вэ гэхээр манай хотын төвд 18.500 гаруй аж ахуйн нэгж байгууллага буюу 70 хувьд төвлөрчхөөд байна. Төрийн төв байгууллагууд 100 хувь төвлөрчхөөд байгаа. Ийм байдлыг бид өөрчлөх хэрэгтэй.
Дэлхийн улс орнуудад хотын зах, дагуул хотуудаа хөгжүүлдэг. Тэгээд BRT, LRT, метро, нийтийн тээвэр, унадаг дугуй, явган хүний замыг шийддэг. Ингэхээр хот амьсгаа аваад явдаг. Мөн төвлөрлийг сааруулахад урт хугацаа шаардагддаг. Иймд урт хугацааны бодлогын арга хэмжээний хүрээнд засгийн газраас тогтсон аргачлалын дагуу арга хэмжээ авч ажиллана" гэв.