Японы Токио хотод энэ сарын 19, 20-нд болсон Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээрийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг амжилттай оролцож, арилжааны арбитрын төрөлд шилдгээр шалгарсан байна. 21 дэх удаагийн тэмцээнд Австрали, Сингапур, Индонез, Нидерланд, Япон зэрэг улсын нэр хүндтэй их сургуулиудын хууль зүйн салбарын оюутнууд өрсөлдсөн байна. Сургуулиуд эл тэмцээнд англи болон япон хэлээр тус бүр баг бүрдүүлэн оролцдог онцлогтой. Арбитрын төрөлд тэргүүлсэн манай улсын багийн хувьд англи хэлээрх ангилалд хамгийн өндөр оноо авсан аж. 2002 оноос хойш Японд зохион байгуулж буй уг тэмцээн нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх, үр ашигтай хэлэлцээр хийх чадамжтай, олон улсад өрсөлдөхүйц эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой бөгөөд арбитрын хуралдаан, хэлэлцээр гэсэн үндсэн хоёр хэсэгтэй юм.