Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад энэ сарын гуравдугаар долоо хоногийн байдлаар үхрийн ястай мах кг нь дунджаар 13 200, цул нь 15 400 төгрөгийн ханштай байсан нь өмнөх долоо хоногийнхоосоо 200-300 төгрөгөөр хямдарсан дүн аж. Харин хонины ястай мах кг-ыг нь 10 000 орчим төгрөгөөр зарж байсан нь долоо хоногт 2.5 хувиар буурсан үзүүлэлт болсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Тэгвэл дээрх хугацаанд монгол төмс кг нь 1480, лууван 2330, байцайг 1900 орчим төгрөгөөр худалдсан нь долоо хоногийн хугацаанд дунджаар гурван хувиар нэмэгдсэн дүн аж. Ташрамд дурдахад, махны үнэ хаана борлуулж буйгаас шалтгаалж кг тутамдаа 5000-7000 төгрөгийн зөрүүтэй байна.