Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг баталсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нартай уулзав. Ингэхдээ уул уурхайн олборлох салбарын ил тод байдлыг хангах зорилгоор өргөн барьсан хуулийн төслүүдийг ойрын хугацаанд хэлэлцүүлэх чиглэл өглөө.
Эдийн засгийн зонхилох хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын салбарын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг D-Parliament цахим системд байршуулсан бөгөөд ирэх долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулахад анхаарч ажиллахыг Эдийн засгийн байнгын хорооны даргад чиглэл болгосон юм. Түүнчлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг ойрын хугацаанд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх талаар ч хөндөж ярилцжээ.
Мөн УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олборлох салбарын далд байгаа асуудлыг ил болгоход парламентаас байгуулсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороотой хамтран ажиллах хэрэгтэйг УИХ-ын дарга онцлов.