Засгийн газраас валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар УИХ дахь МАН-ын бүлгийнхэн мэдээлэл сонсжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар дээрх мэдээллийг өгсөн аж. Улмаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэн, энэ онд багтаан батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөхдөө валютын нөөц бүрдүүлэхийн тулд гурван чиглэлээр ажиллаж байгааг онцолж, “Цаашдаа бид тогтолцоогоо ил тод болгох ёстой. “Эрдэнэс Тавантолгой”-той ямар компани, хэдий хэмжээний дүнтэй гэрээ хийсэн, хилээр гаргаж байгаа бүтээгдэхүүнийг гаалийн болон татварын санд бүртгэх зэргээр бүгдийг нээлттэй байлгаж гэмээнэ хяналт тавьж чадна. Хаалттай хаалганы цаадах хоёр хүний хийсэн гэрээгээр нүүрсний үнэ өсөхгүй. Тиймээс 2023 оны нэгдүгээр улиралд багтаан бүтээгдэхүүнээ биржээр зарна. Засгийн газар түр журам гарган, нүүрсээ биржээр зарах ажлыг эхлүүлэх юм. Ер нь валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд оффтэйк ч бай, урьдчилсан ч бай гэрээнийхээ дагуу доллароо төлж байж л нүүрсээ авах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” компани оны төгсгөлд 500 сая ам.доллар оруулж ирэхээс одоогоор 140-өөд саяыг нь биелүүлээд байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнд 350 сая ам.доллар оруулж ирэх үүрэг өгсөн. “Оюутолгой” 500 сая ам.доллар оруулах ёстой. “Энержи ресурс” ч тодорхой үүрэг хүлээсэн. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр валютын урсгалыг нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ” гэв.
Мэдээллийн дараа хэвлэлийнхэн дизелийн түлш тасалдаж байгаа талаар тодруулахад “Дизелийн түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ярилцсан. Оросын тал дизелийн түлшийг янз бүрийн жижиглэнгийн худалдаагаар дамжуулан зарахгүй гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. Харин манайх дизелийн түлшнийхээ 70 хувийг “Роснефть”, үлдсэнийг нь жижиглэнгийн худалдаачдаа савдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохицуулалт хийсэн ч доголдол үүссэн тухайгаа комиссын хуралдааны үеэр Оросын талд хэлсэн. Хэмжээг нь нэмэгдүүлэхээр хойд хөрштэй ойлголцсон. Тасалдаж байгаа нь түр зуурынх” гэв.