“Ачит Ихт” компанийн үйлдвэрийн байр, хиймэл цөөрөм
Уул уурхайн компани, боловсруулах үйлдвэрийн орчныг эрдэс бүтээгдэхүүн зөөсөн том оврын автомашин хөлхсөн, тоног төхөөрөмжийн дуу нүргэлсэн бүс хэмээн бодох нь цөөнгүй. Гэтэл овоолго шороог зүлэг арчлах мэт дуслын системээр жигд услан, мөн өрөмдөн ус нэвчүүлж, баяжуулан уусгах аргаар катодын зэс үйлдвэрлэдэг технологи байдаг аж. Овоолго гэдэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрс хуулалтаас гарсан хүдрийн “ядуу” агуулга бүхий шороон “уул” юм. Тус үйлдвэр нь өөрсдийн технологид таардаггүй, хүдрийн бага агуулгатай хөрсийг хуримтлуулж, овоолго үүсгэж иржээ. Өдгөө 1000 гаруй га талбайд ийм 12 овоолго бий бөгөөд дээр дурдсанчлан катодын зэсийг хоёрдугаар овоолгоос “Ачит Ихт” компани баяжуулан уусгах технологиор үйлдвэрлэж байна. Эл технологийг энгийнээр хэлбэл, хүдрийн сул агуулгатай “уул”-ыг хүхрийн хүчлийн концентрацтай усаар усалж, эсвэл өрөмдсөн цооногоор өндөр даралттай ус нэвчүүлнэ гэ сэн үг. Ийн нэвчсэн ус нь “уул”-ын бэл, хормойд зэс агуулсан уусмал болон тунана. Үүнийг усан сангуудад хуримтлуулан, дамжуулах хоолойгоор үйлдвэрт нийлүүлж, органик бодис болон цахилгаан химийн дамжлагын тусламжтайгаар катодын цэвэр зэс гарган авдаг. Энд дурдаж буй баяжуулан уусгах технологи нь ус их зарцуулдаг. Тиймээс усаа дахин ашиглаж хэвшжээ. Тодруулбал, тойрог хэлбэрээр урсац үүсгэн, хэрэглэсэн усныхаа 99 хувийг дахин ашигладаг гэнэ. Усан сангууд хальж, дүүрч буй, эсэх, усны чадлыг хаана нь нэмбэл үйл ажиллагаа хэвийн явахыг удирдлагын өрөөнөөс зайнаас хянана. Энэ талаар үйлдвэрийн дарга И.Батболд “Бид эрдэс бүтээгдэхүүнийг сорчилж ашиглахгүй, хаягдлаар баялаг бүтээх гидрометаллургийн технологи нэвтрүүлсэн анхдагчдын нэг. Монголд боловсруулах үйлдвэрийн сайн жишгийг нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүн бий болгон, экспортын орлогыг өсгөх зорилготой. Дэвшилт технологи нэвтрүүлсэн учраас манай үйлдвэрт олон хүн ажилладаггүй. Одоогоор 300 орчим ажилчин бий. Ажиллах хүч бол үйлдвэрийн үнэт зүйл хэмээн бид тодорхойлдог. Тиймээс ч 2018 онд, жилийн 30 хувийн ашигтай давуу эрхийн хувьцааг өөрсдийн ажилчид болон “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнд олгон, ногдол ашиг тараасан. Үүнд 1.4 тэрбум төгрөг зарцуулсан” гэсэн юм. Үүнээс гадна хаягдал овоолгыг ашиглах нь байгаль орчинд ээлтэй үйл явц гэдгийг тэрбээр онцоллоо. Тодруулбал, овоолго нь бороо, цасанд норсноор ёроолд нь зэс бүхий, ногоон ус тунан, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл болдог байжээ. Тиймээс овоолгыг ашиглах нь эдийн засгийн үр өгөөжтэй төдийгүй байгальд ээлтэй байх нь.
МЕТАЛЛ АВАЛТЫН ХУВИЙГ ӨСГӨЖЭЭ
“Ачит Ихт” компани жилд 10 000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёрдугаар овоолгыг 10 жил ашиглан, 86 000 тонн катодын зэс бэлтгэхээр төлөвлөснөөс өдгөө 88 000 тонн бүтээгдэхүүн гарган аваад байгаа аж. Энэ нь металл авалтаа нэмэгдүүлэх зорилгоор нуруулдан уусгах арга нэвтрүүлсэнтэй холбоотой гэнэ. Ингэснээр, металл авалтыг өсгөн 70 хувьд хүргэжээ. Цаашид металл авалтаа улам өсгөхийг зорьж байгаа бөгөөд хоёрдугаар овоолгыг 2026 он хүртэл ашиглахаар төлөвлөсөн юм байна. Үүнээс гадна 2018 онд хоёрдугаар овоолгын нөөцийг “Ачит Ихт” компанийн нэр дээр бүртгэн, үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус компанид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) ногдуулсан бөгөөд одоогоор үүнд 25 тэрбум төгрөг төлжээ. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сарын байдлаар улсын төсөвт 262, орон нутгийнхад 33 тэрбум төгрөг төвлөрүүлсөн бол “Эрдэнэт үйлдвэр”-т ашиглалтын төлбөр болгон 21 тэрбумыг өгсөн байна. “Ачит Ихт” компани манай улсын экспортолсон катодын зэсийн 80 гаруй хувийг нийлүүлээд байгаа гэнэ. Үйлдвэрийнх нь борлуулалтын орлогыг тооцвол 2021 оны байдлаар манай улсын ДНБ-ий 0.6 хувийг бүрдүүлжээ. Мөн орон нутагт 230 орчим үндсэн, 60 гэрээт ажлын байр бий болгожээ. Үндэсний 1500 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллахын зэрэгцээ 2014-2021 онд 390 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг орон нутгийнхан, үйлдвэрлэгчдээс худалдан авсан аж.
“Ачит Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд цөөнгүй ажил хийдэг байна. Тэдгээрийн нэг нь Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд, 2021 онд байгуулсан “Степпе арена” мөсөн өргөө билээ. Тус өргөө нь олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн, 3600-5000 хүний багтаамжтай бөгөөд өдгөө хүүхэд, залуус төдийгүй нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг болсон. Мөн Орхон аймгийн ерөнхий боловсролын дөрвөн сургуульд химийн лаборатори байгуулж өгчээ. Энэ нь сурагчдын онолын хичээлийг дадлагажуулан, шинжлэх ухааны мэдлэг, боловсролыг нь ахиулахад дэмжлэг болох ач холбогдолтой. Орхон аймагт 4000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас нийгмийн хариуцлага, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийж буй ажлыг нь ЗДТГ-аас нь жил бүр үнэлж, тодорхойлдог. Тэгвэл “Ачит Ихт” нийгмийн хариуцлагатай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан компаниар хоёр удаа шалгарчээ. Үүнээс гадна үйлдвэрийн ойр орчмын булаг, шандыг хамгаалж, экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор тарвага нутагшуулсан гэсэн. Орхон аймгийн Баян-Өндөр сумд 3.3 га талбайг нөхөн сэргээж, 2016-2022 онд 3.1 га талбайд 80 000 гаруй мод тарьжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор тус компанийнхан ирэх 10 жилд гур ван сая мод тарихаар төлөвлөжээ. Мод тарих, байгаль орчны доройтлыг бууруулах зэрэг зорилгоор “Далайн хошууны шинэс” компани байгуулсан бөгөөд жилд 300 000 тарьц, суулгацыг өөрсдөө бэлтгэн, мод тарина гэсэн.
Экспортлоход бэлэн болсон катодын зэс
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ КОМПАНИ
“Ачит Ихт”-ийг байгальд ээлтэй компани гэж тодорхойлж болно. Тодруулбал, Орхон аймаг дахь катодын зэсийн үйлдвэр, оффисоо газрын гүний дулаанаар халааж, нарны зайн хураагуураас цахилгаан гарган авдаг аж. Зэс үйлдвэрлэх арга нь ч байгальд ээлтэй, бас “саарал” ус ашигладгийг дурдах нь зүйтэй. Мөн 2018-2019 онд судлан, бэлтгэл ажлыг нь хангаснаар 2020 онд үйлдвэрийн байрандаа олон улсын стандартад нийцсэн, галын аюулгүй байдлыг хангах систем суурилуулжээ. Ер нь металлургийн үйлдвэр галын эрсдэлтэй бүсэд тооцогддог байна. Тиймээс утаа, хий, агаарын хэм мэдрэх автомат дохиоллын систем суурилуулсан Монгол дахь хоёр үйлдвэрийн нэг болсон аж.
Цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагаа явуулахад тулгарч буй бэрхшээл бий, эсэхийг нь тодруулахад, “Ачит Ихт” компанийн захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал “Металлургийн үйлдвэрийг урт хугацаанд, тогтвортой ажиллуулахад бэрхшээл тохиолдох нь зүй. Наанадаж импортоор авдаг химийн урвалж бодисын үнэ өссөнөөс зэс үйлдвэрлэх зардал улам нэмэгдсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго тойрсон асуудлыг хөндөх боллоо. Манай компани хуулийн дагуу, гэрээ байгуулан хоёрдугаар овоолгыг ашиглах эрх авсан.
“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнд бага агуулгатай хүдрийн овоолгоос нь катодын зэс үйлдвэрлэх боломжтойг танилцуулж, хамтарсан компани байгуулан, 34 хувиа эзэмшүүлэх хүсэлт гаргасан. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн арилжааны банкны зээлийн өр ихтэй, мөн овоолгоос ашиг олох нь эргэлзээтэй компани гэж тооцсон уу, зөвшөөрөлгүй, ашиглалтын төлбөр авахаар болсон юм. Бид ч өөрсдийн хөрөнгө, гадаад, дотоодын арилжааны банкнаас зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл өдгөө хүдрийн овоолгыг хэн, хэрхэн ашиглах талаар маргаан гарах болсон. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ажиллах бүх хугацаанд хүдрийн ийм овоолго үүссээр байна. Үүнийг нь хувийн хэвшлийнхэн ашиглан, хаягдлаас бүтээгдэхүүн үйлд вэрлэх боломж бий гэсэн үг. Гол нь хаягдал ашиглуулж буй болон үйлдвэрлэгч талууд хэрхэн тохиролцон, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх нь чухал” гэсэн юм. Тэрбээр мөн “Металл боловсруулах үйлдвэр ба рих, ашиглах зардал маш өндөр. Тиймээс дахин үйлдвэр барин, овоолгоос бүтээгдэхүүн гаргахаар зорьсноос өдгөө ажиллаж буй үйлдвэрүү дийн хүчин чадлыг өргөжүүлж, металл боловсруулбал илүү үр дүнтэй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг манайхаас гадна хоёр компани ашиглаж буй. Бид түүхий эдээр дутагдахгүй, овоолгуудыг ашиглах эрхтэй л байвал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэвээр байна” гэв.
“Ачит Ихт” нь Лондоны металлын биржийн гишүүн бөгөөд катодын зэс нь 99.99 хувийн сорьц тойг тус бирж баталгаажуулж, дэлхийн зах зээл дэх үнээр борлуулдаг аж. Мөн ЮНЕСКО-гоос батламжилсан аргачлалаар хийсэн, боловсруулах үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн судалгаагаар “Ачит Ихт” нь 50 000 орчим хүнд шууд, 180 000 хүнд шууд бус байдлаар эергээр нөлөөлж буй гэсэн үр дүн гарчээ. Тодруулбал, тус компанийн ажилчдаас гадна ханган нийлүүлэг чид, үйлдвэрлэгчдийн олж буй орлого, цалин хөлс, хүрээлэн буй орчныг сайжруулж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хийсэн ажлынх нь үр дүнгээс үндэслэн ийм дүгнэлт гаргасан аж. Ташрамд дурдахад, “Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч, хуульч П.Цагаан нь “Талын метал нунтаг” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга аж. Тэгвэл “Талын метал нунтаг” компани нь жилд 3000 тонн орчим нунтаг металл гаргах үйлдвэрийг энэ оны дөрөвдүгээр сард Монголд анх удаа ашиглалтад оруулсан билээ.