Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний хариуд тус улсын Засгийн газар Францын “Renault”, “Peugeot”, “Citroen” болон бусад үйлдвэрлэгчийн автомашиныг импортлохыг хориглосон тухай “Fars” агентлаг мэдээлэв. Үндэсний автомашины үйлдвэрлэлд нь дарамт үзүүлэхийг Францын үйлдвэрлэгчдэд Ираны эрх баригчид зөвшөөрөхгүй гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Насер Канани Чафи мэдэгджээ. “Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ)-ийн Удирдах зөвлөлд Ираны эсрэг тогтоол санал болгосон АНУ, Британи, Франц, Германы үйлдлийг Исламын бүгд найрамдах улс буруушааж, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэж дээрх мэдэгдэлд дурдсан аж. Ираны Цөмийн энергийн байгууллага МАГАТЭ-тай хамтран ажиллаж, баталгаа гаргах талаарх техникийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлздэг учраас Тегеран уг тогтоолыг батлах үндэслэлгүй гэж үзэж буйг Канани Чафи уламжлав. Иран улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний баталгааны тухай хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, МАГАТЭ-тай хамтран ажиллахаас татгалзаагүй. Үүний ачаар сүүлийн 20 жил тус агентлаг Иранд өргөн хүрээг хамарсан шалгалт хийх боломжтой байсныг тэрбээр тэмдэглэжээ. Эл хэлэлцээрийг мөрдөхийг уриалсан, АНУ болон Европын гурвал (Британи, Герман, Франц)-ын тогтоолыг МАГАТЭ-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр баталсан юм. Үүний сацуу нутаг дэвсгэрт нь байгаа зарлаагүй байгууламжаас олдсон цөмийн материалын гарал, үүслийг яаралтай тайлбарлаж, баримт нотолгоо бүрдүүлж, эдгээр байгууламжид нэвтрэхийг зөвшөөрөхийг Иранаас тус агентлаг шаардсан байна. Удирдах зөвлөлд төлөөлөлтэй 35 орны 26 нь уг тогтоолыг дэмжиж, тав нь түдгэлзэж, Орос, Хятад эсрэг санал өгчээ. Ираныг зарлаагүй гурван газраас нь уран илэрсэн талаар техникийн үндэслэлтэй тайлбар өгөхөөс татгалзсаныг буруушаасан тогтоолыг МАГАТЭ-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн зургадугаар сарын 8-нд гаргасан. Тэр үед уг баримт бичгийг 30 улс дэмжиж, Орос, Хятад хоёр эсэргүүцэн, Энэтхэг, Ливи, Пакистан түдгэлзсэн аж.