“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган өчигдөр эхэллээ. Чуулганд төр, хувийн хэвшлийг төлөөлсөн 500 гаруй хүн оролцов. Төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулж буй уг чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ “Архив бол “түмэн үеийн түүхийн толь, төр түмний оршихуйн үндэс, улс үндэстний ой санамжийн цогцлол” байдаг. Тиймээс ч монгол түмний түүх соёл, угсаа гарал, бичиг үсэг, зан заншил, ёс уламжлалын үнэт өв болсон архивынхаа сан хөмрөгийг чандлан хадгалж, судлан арвижуулж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь төрийн эрхэм үүрэг мөн” хэмээгээд хэд хэдэн зүйлийг онцоллоо. Тодруулбал, “Гадаадын улс орнуудад хадгалж байгаа баримтуудыг сурвалжлан илрүүлж, бүртгэн, эх авчрах, сэргээн засварлахад онцгой анхаарах учиртай. Орчин үеийн техник, технологи, инновацын шийдлийг ашиглан бусад улс орны сайн туршлагыг судлан нэвтрүүлж, архивын байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, цахим архив хөгжүүлэх ёстой. Мөн архивт хадгалагдаж буй үнэт өв, баримт бичгийг судалгааны болон нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах бүхий л гарцыг эрэлхийлж, бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тухайлбал, иргэдийн угийн бичиг хөтлөлтийг хялбаршуулах чиглэлээр архивын байгууллагын үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэхэд онцгойлон анхаарахын тулд түүхэн үйл явдал, хүмүүсийн дуу хоолой, дүрс бичлэгийн сан хөмрөг үүсгэн баримтжуулж, хадгалан хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй юм. Архивын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, цалин хөлсийг нь үе шаттайгаар нэмэгдүүлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна” хэмээсэн юм. Цаашид эл чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулж байх нь зүйтэйг ч Төрийн тэргүүн хэллээ.
Бэлтгэсэн У.Наран