УИХ ирэх оны төсвийг энэ сарын 11-нд баталсан. Үүнд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий. Төсвийн төслийг өргөн барихаас авхуулаад батлах хүртэл эсэргүүцэн, шүүмжилж, эгүүлэн татахыг Засгийн газраас шаардаж байсан АН-ынхан үүнд бүхэлд нь хориг тавихыг Төрийн тэргүүнээс шаардаж буйгаа илэрхийлэн, өчигдөр мэдээлэл хийв.
“4:11” ээлжит мэдээллийн цагт оролцсон Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар “МАН 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө татвар нэмэхгүй гэж амласан ч түүндээ хүрсэнгүй. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байхад ирэх онд 17 их наяд төгрөгийг татвараар төвлөрүүлэх нь. Төгрөгийн ханш 20 хувиар суларсан энэ үед татвар нэмэх ямар ч боломжгүй. Мөн хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө, эрх баригчдыг шүүмжилсэн иргэн бүрт цахим гав зүүж, ял өгч байна” гээд цаашид ийм шалтгаанаар залуучуудыг хорьж, цагдвал эсэргүүцлийн арга хэмжээ өрнүүлэхээ мэдэгдлээ.