Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ сарын 21-ний дотор саналаа өгөхийг сайд нарт үүрэг болголоо. Улмаар уг төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөв. Засгийн газар 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг хуульд ихээхэн ач холбогдол өгч буй гэнэ.
Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг нэвтрүүлж, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхээр уг төсөлд тусгасан байна. Мөн тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилах аж. Эдгээрээс тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх гэнэ. Хил орчмын аялал жуулчлалыг байнгын болон олон улсын боомт, тухайн нутаг дэвсгэрт байрлах чөлөөт бүсэд олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх юм байна. Ингэхдээ аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, үйлчилгээний байгууллагын зэрэглэл, тур операторын тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тусгажээ. Гэхдээ тур операторын тусгай зөвшөөрлийг монгол иргэдийн өмчлөлтэй (50-иас доошгүй хувь нь) компанид олгох аж.
Мөн тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлт бий болгох зорилгоор бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж ангилахаар заажээ. Аялал жуулчлалын бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийнхнээр нь гүйцэтгүүлэх юм байна. Түүнчлэн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох гэнэ. Түүнчлэн ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аргаль, янгир, идлэг шонхор агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь. Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулж, хөрөнгийг нь агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, дэд бүтэц бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн орчин бүрдүүлэх гэнэ.
Уг төслийн талаар танилцуулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манайд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр гол хүндрэл байна. Тиймээс нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тийзийн үнийг буулгах, визийн хөнгөлөлт үзүүлэхэд анхаарна. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа авиа компаниудад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Визийн хөнгөлөлтийг эргэн харж, хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Ийм улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Мөн агнуурын зөвшөөрлийн тогтолцоог нь нээлттэй болгоно. Морин бооцоот уралдааны болон Казиногийн тухай хуулийн төслийг эл хуультай хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн. Казинод монгол хүн орохгүй, маш цөөн тусгай зөвшөөрөл олгох гэх мэт зохицуулалт тусгасан. Тусгай зөвшөөрөл олгохдоо зөвхөн Монголд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх, гадаадаас оруулж ирэх санхүүжилтийнх нь дүнг харгалзана” гэв.