Манай улсаас 2021 оны зургадугаар сарын 10-наас хойш БНХАУ руу мах экспортлоогүй. Тэгвэл Замын-Үүдийн боомтоор дулааны аргаар боловсруулсан 125 тонн махыг уржигдар урд хөршрүү нийлүүлжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Хятадын талаас махны импортын квот, нэр, төрлийг заалгүйгээр худалдан авах тухайгаа мэдэгдсэн. Тиймээс ирэх оны аравдугаар сар хүртэл манай аж ахуйн нэгжүүд дулааны аргаар боловсруулсан богийн болон адууны түүхий махыг экспортолно хэмээн ойлгож болно. Урд хөршийн компаниуд эхлээд зөвхөн дулааны аргаар боловсруулсныг нь импортолно гэж байсан ч ийнхүү нэмээд адууны түүхий мах худалдан авахаар боллоо” хэмээн мэдээлэв. Ташрамд дурдахад, манай улс 2019 онд дулааны аргаар боловсруулсан богийн мах 7000, адууныхыг 30800 тонныг нийлүүлж байжээ. Мөн дараа жил нь богийнх 1800, адууны түүхий мах 17 600 гаруй тонныг борлуулж байсан аж.