БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэд хоногийн өмнө Төрийн ордонд ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан” хэмээн зарлав. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагуудын өмчилж байсан газрын дийлэнхийг нь өөр хэн нэгэнд шилжүүлж, зориулалтынбусаар ашиглах нөхцөл бүрдүүлсэн гэсэн үг. Үүнийг ноцтой гэхээс яах вэ. Мөнгөнд амташсан газрын наймаачид төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн орчим дахь сул зай болгоныг “бужигнуулаад” дуусаж буй аж. Сайд “хулгайд алдагдсан” хэмээх үг сонгосон нь учир зүйн алдаатай санагдсаныг нуух юун. Угтаа эдгээр газрыг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэж хэлбэл илүү тохиромжтой санагдана.
БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтэс, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран энэ онд улсын хэмжээнд газрын тооллого, судалгаа хийжээ. Сүүлийн долоон жилийн хугацаанд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газраас 15.19 га талбай “алга болжээ”. Тодруулбал, 2015 оноос хойш ерөнхий боловсролын 49 сургууль 9.6, сургуулийн өмнөх боловсролын 33 байгууллага 5.5, гурван их, дээд сургууль 0.09 га газраа дээрэмдүүлсэн байна. Үүний дөрвөн га-гийнх нь (20 хэсэг газар) эзэмших эрхийг иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлжээ. Харин үлдсэнийг нь балансаас балансад буюу төрийн өөр байгууллагын мэдэлд өгсөн, хэмжилтийн алдаа залруурах нэрийдлээр хассан аж. Сургууль, цэцэрлэгийн өмчөөс иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар шилжүүлсэн 20 газрын зургаа нь тухайн боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарын гэр бүл, ойр дотнын хүмүүсийн нэр дээр буй бол 14 нь багш, ажилчдад зориулан бариулсан гэх орон сууцын СӨХ, хувийн өмчийн хуулийн этгээдийн мэдэлд шилжжээ. Товчоор дүгнэвэл, долоон жилийн хугацаанд 85 сургууль, цэцэрлэг 15.19 га газраа ямар нэг байдлаар алдсан гэсэн үг. 15.19 га гэдэг бол бага хэмжээний газар биш. Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлдөг. Үүнтэй жишвэл сургууль, цэцэрлэгүүд 217 иргэнд олгосонтой дүйх хэмжээний газраа дээрэмдүүлжээ.
Тэгвэл ямар сургууль, цэцэрлэгүүд газаргүй болов. Судалгаа хийсэн ажлын хэсгийнхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэв. БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн “Лавшруулан судлах, нарийвчлан шалгах ажил үргэлжилж буй учраас сургуулиудыг зарлах болоогүй” хэмээсэн бол БШУ-ы сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр “Боловсролын салбар дахь газрын асуудалтай холбоотой хэргийг нийтэд нь шалгуулахаар зохих түвшний байгууллагад шилжүүлсэн. Яам боломжит хэмжээнд, зарим мэдээллийг ил тод болгосон. Одоогоор үүнээс дэлгэрэнгүйг мэдээлэх боломжгүй” гэсэн юм.
Сургууль, цэцэрлэгийн газрыг хууль бусаар худалддаг, зориулалтын бусаар ашигладаг явдал сүүлийн жилүүдэд л дэлгэрсэн юм биш. Энэ бол боловсролын салбарт олон жил бугшсан, таслан зогсоож чадалгүй өнөөдрийг хүрсэн асуудал. Газарт шунасан хүмүүс эхэндээ сургууль, цэцэрлэгүүдийн биеийн тамир, спортын талбайг дээрэмддэг байв. Харин одоо сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа барилгынх нь ойр орчим, хашааных нь газраас ил, далд хумслах болж. Нийслэлээр тогтохгүй орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд ч ийм явдал гаарчээ. Нэгэн сургуулийн газрыг гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр бүртгүүлсэн тохиолдол байгааг ч албаныхан онцлов. Мөн газар эзэмших эрхийг нь албан ёсоор шилжүүлж аваагүй боловч зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчил түгээмэл буйг хэллээ. Энэ бүхэн газрын хууль бус худалдаа, дээрэм хэр зэрэг “цэцэглэн хөгжсөн”-ийг харуулж байна.
Л.Энх-Амгалан сайд “Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өмчийн газрыг хууль зөрчиж, үнэ төлбөргүй бусдад шилжүүлсэн эрхийг цуцална. Газрын төлбөрийг буцаан төлүүлнэ. Хэргийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Газар эзэмших эрхийг нь шилжүүлээгүй боловч зөвшөөрөлгүй барилга, гарааш, спорт заал барьсан хувийн хэвшлийнхэнтэй хуулийн хүрээнд “ярьж”, хөрөнгийг нь нүүлгэн шилжүүлнэ” хэмээн эрс шулуун мэдэгдээд буй. Энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд хүргэж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн нь сайшаалтай. Гол нь үр дүн гаргах хэрэгтэй.
Өмнөх сайд нар ч боловсролын салбар дахь газрын наймааны асуудлыг бишгүй л хөндөж байсан. Гэвч дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Үе үеийн сайд, дарга нарын хариуцлагагүй, хяналтгүй байдлын уршгаар энэ асуудал улам бүр даамжирч, өдгөө сургууль, цэцэрлэгүүдийн дийлэнх нь барилгаас өөр өмчгүй үлдээд байна. Долоохон жилийн хугацаанд боловсролын салбарын 85 байгууллага 15.19 га газраа дээрэмдүүлэв. 2015 оноос өмнөх жилүүдийн тоо баримтуудыг нэмбэл энэ хэмжээ хэд дахин өсөх нь гарцаагүй. Харамсалтай нь, үүнээс өмнөх үеийн мэдээлэл, баримтуудыг нэгтгэн цэгцлээгүйг яамныхан хэллээ. Гэхдээ тандалт, судалгааны үр дүнд сургууль, цэцэрлэгүүд нийт газрынхаа 70-80 хувийг дээрэмдүүлсэн гэсэн багцаа дүн гаргажээ. Улсын хэмжээнд төрийн өмчийн 1200 орчим сургууль, цэцэрлэг бий. Тэгэхээр үүний 840-960 орчим нь дээрэмд өртсөн болж таарах нь.
Уг нь сургууль, цэцэрлэгийн орчимд шинээр газар олгохыг, ялангуяа орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж барихыг нийслэлийн Засаг даргын захирамжаар хоригложээ. Зөвхөн тухайн боловсролын байгууллагыг өргөтгөх шаардлагатай тохиолдолд газар нэмж олгодог гэнэ. Мөн ийм шалтгаанаар л өмчлөлийн газартаа барилга, байгууламж барихыг зөвшөөрдгийг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын мэргэжилтэн хэллээ. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүд өмчлөлийн газраа сургалтын зориулалтаар, өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэлбэрээр л ашиглах боломжтой байх нь. Гэтэл энэ зохицуулалт амьдрал дээр огтхон ч хэрэгждэггүй аж. Барилгын компаниуд сургууль, цэцэрлэгийн эргэн тойрны сул газарт орон сууц, үйлчилгээний газар зөвшөөрөлгүй барих явдал хэрээс хэтэрсэн. Сургалтын байгууллагын удирдлагууд ч хувийн хэвшлийнхэнтэй хуйвалдан тохиролцож, газрын наймаанд оролцох явдал гаарсан. Манайдаа томд тооцогдох, нийслэлийн төвийн дүүргийн нэгэн сургуулийн захирал асан эмэгтэй байгууллагынхаа өмчийн газарт орон сууц бариулж, шанд нь барилгын компаниас хэд хэдэн байр авсан хэргийг хэвлэл мэдээллийн байгууллагууд баримттайгаар саяхан ил тод болгосон шүү дээ. Яг л ийм дүр зураг, нөхцөл байдал 15.19 га газартай холбоотой хэргийн цаана бий. Боловсролын байгууллагуудаас дээрэмдсэн газрын цөөнгүй нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ойр тойрны хүмүүсийн нэр дээр байгааг яамныхан ч онцолсон.
Сургууль, цэцэрлэгийн барилгыг онцгой объектод тооцдог. Тэр хэрээр орчныг нь эрүүл, аюулгүй, зөв төлөвлөлттэй байлгахыг чухалчилдаг. Гэтэл манай улсын сургалтын байгууллагуудын дийлэнх нь гэр хорооллын айлуудын хашааны газартай дүйх давчуу орон зайд, хүүхдүүд салхилах, тоглох талбай ч үгүй, орон сууц, худалдаа, үйлчилгээний төвүүдтэй хаяа нийлүүлэн, стандарт, аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт нөхцөл байдал харьцангуй дээр ч бас л тулгамдсан асуудал болж эхэлснийг мэргэжилтнүүд хэлсэн. Энэ бүхэнд мэдээж газрын наймаа ихээхэн нөлөө үзүүлсэн. БШУЯ-ныхан нэгэнт эл асуудлыг хөндөж, ул суурьтай “гаргаж тавьсных” таслан зогсоож, үлдсэн цөөн сургууль, цэцэрлэгийн газрыг хамгаалах шаардлагатай байна. Мөн төрийн өмчийг бусдад хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйн хэрэг.