УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. МАН-ынхан хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийгээгүй бөгөөд АН-ынхан гурван зүйлийг ярилцсанаа онцлов.
Эрх баригчдын өнгөрсөн сонгуулийн амлалтыг сөрөг хүчний зүгээс дүгнэж, сануулсаар буй. Энэ удаа тэд засаглалыг сайжруулах чиглэлийн амлалтыг нь дүгнэж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдээс мэдээлэл сонсжээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт засаглалыг сайжруулах, авлигыг бууруулах, хүний эрхийг дээдлэх чиглэлээр 98 зүйл бүхий амлалт байгаагаас цөөн хэдийг нь тэд онцолж, “биелээгүй” хэмээн дүгнэв. Тухайлбал, авлигын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгаагүй, үүнтэй тэмцэх хүсэл сонирхол эрх баригчдад алга гэж шүүмжилсэн юм. Жишээ нь, төрийн өндөр албан тушаалтнуудаас ЖДҮХС-гийн гэх хэрэгт 49, концесс тойрсон асуудалд 13, Хөгжлийн банкны дуулианд зургаан хүн оролцсон гэх мэдээлэл байдаг ч хэн нь хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй үлдэж, замхарч байгааг сөрөг хүчнийхэн сануулав.
Мөн Засгийн газарт долоон зүйл бүхий албан шаардлага хүргүүлж буй аж. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Манай эдийн засгийн эргэлтийн 40 хувь нь төсвөөс хамааралтай байна. Энэхүү төржсөн эдийн засгийн цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг цэцэглэх нөхцөл бүрдлээ” гээд сүүлийн үед анхаарал татаж буй “нүүрсний” гэх хэргийн талаарх мэдээллийг ил тод болгохыг шаардав. Тухайлбал, оффтэйк гэрээнүүдийг ил болгох, нүүрсний уурхайн амны болон хилийн үнийн зөрүүг мэдээлэх, олборлолттой холбоотой улс төрийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүсийг нэрлэх, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэхээр тусгажээ. Мөн энэ хэргийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд цогц мэдээлэл хийхийг Ерөнхий сайдаас шаардав.