Орон даяар ургац хураалтын ажил бараг дууссаныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Манай улс энэ жил 338 400 га талбайгаас 408 600 тонн үр тариа хураан авсны 383 500 тонн нь улаан буудай аж. Түүнчлэн төмс 210 300, хүнсний ногоо 133 600, тэжээл 158 400, тосны ургамал 41 200 тонныг бэлтгэсэн дүн гарчээ. Энэ талаар дээрх яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Ургац хураалтын албан ёсны дүнг энэ долоо хоногт багтаан мэдээлнэ. Одоогоор нийт ургацын хэмжээ өнгөрсөн оныхтой бараг ижил түвшинд байна. Харин хүнсний ногооных 2021 оныхоос 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт бий бөгөөд төлөвлөсөн хэмжээний ургацаа хураасан гэж ойлгож болно. Үүнээс гадна энэ онд газар тариалангийн цахим шилжилтийг нэвтрүүлж, ургацын хэмжээ, борлуулалтын дүнг нэгтгэж буй. Урамшуулал авах ногоочид, тариаланчид уг системд бүртгүүлж, мэдээллээ нэгтгэх шаардлагатай” гэв. Ташрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд сүүлийн 30 гаруй жилийн дээд хэмжээ буюу 390 000 орчим тонн улаан буудай хурааж байв.