Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүн Т.Доржханд “Төсвийн хүрээний мэдэгдлийг хэрэгжүүлсэнгүй, зорилгоосоо хазайлаа. Ер нь Сангийн яам энэ байдлаараа төсвийн бодлогоо хэрэгжүүлж чадах юм уу. Төсвийн зарлагаа тэлж, алдагдлаа нэмсээр л байна. Нэг удаа ч болов зарлагаа орлогын түвшинд хязгаарлаж болохгүй байгаа юм уу. Цахилгааны эх үүсвэр барих, хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх боломж гарахгүй нь. Үндсэндээ төсвөөр халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг л боллоо. Урсгал зардлын хоёр төгрөг тутмын нэгийг халамжид зарцуулж, хөрөнгө оруулалтын зардал нь үр дүнгүй байна. Ирэх онд нэг ч шинэ хөрөнгө оруулалт санхүүжүүлэхгүй гэж байгаа ч боломжгүй шүү дээ. Дуусгаагүй баахан барилгаа дуудлага худалдаагаар зарж болно. Сангийн яамныхан сайн мэдэж байгаа. Зардлаа хэмнэхгүй бол улс дампуурлаа” гээд төсвийн хүрээний мэдэгдэлд 2023, 2024, 2025 онд төсвийг алдагдалгүй байхаар батлахыг хүсэв. Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төсвийн бодлогын баримт бичгийг тогтвортой мөрдөх ёстой. Сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн хүрээний мэдэгдлийг 11, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 13 удаа өөрчилжээ. Үүнд цэг тавих ёстой. Цаашид Төсвийн хүрээний мэдэгдлийг төсвөөс тусдаа хэлэлцдэг байхаар өөрчлөх нь зүйтэй” хэмээн санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн гишүүн Б.Баттөмөр “Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах гэж байгаагаас үзэхэд эдийн засагт шинэчлэлийн шинжтэй суурь бодлого алга. Жижиг төсөвтэй, өр, зээл ихтэй манайд шинэчлэл хэрэгтэй байна. Оюутолгойн далд уурхайг ирэх онд ашиглалтад оруулна. 2023 онд 600 гаруй тэрбум төгрөгийг эндээс оруулж ирэхээр төлөвлөсөн нь гаргах баялагтай нь харьцуулахад бага байна. Ийм байж болохгүй. Хөгжилтэй орнууд жижиг орныг шулж, удирдлагуудыг нь авлигаддагийн шилдэг жишээ нь “Оюутолгой” төсөл. Монгол Улсын эрх ашгийг хангуулах агуулгатай, УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэнгүй. Ирэх онд энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Түүнчлэн манай улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эрсдэлтэй болсон гэж ярих боллоо. Хамрагдсан тохиолдолд ийм байдалд оруулсан хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой” гэж шүүмжлэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ОУВС-гийн хөтөлбөрт жилд 15 улс хамрагддаг байсан. Гэвч цар тахал, дайны улмаас гишүүн орнуудын 44-ийг нь хамруулсан. Нэмж 20 улс уг хөтөлбөрт хамрагдахаар хандсан байна. Тэдгээрийн дотор хөгжингүй улс хүртэл байгаа. ОУВС-гийн хөтөлбөр гэдэг нь аймшигтай зүйл биш. Нэн хөнгөлөлттэй зээлийг тодорхой нөхцөлтэйгөөр улс орнуудад олгодог” гэж байр сууриа илэрхийлж байлаа.
Энэ өдрийн хуралдааны үеэр гишүүн Д.Ганбат “Ард түмний амьдрал өдөр өдрөөр доройтож, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Гэтэл эрх баригчид найрласан хэвээрээ. Мөнгөний болон төсвийн бодлого нь уялдахгүй юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ нэгдсэн хуралдаанаа хийгээгүй, ажиллаагүй. УИХ-ын дарга Г.Занданшатар та сандал ширээтэйгээ зууралдахын оронд ард түмнийхээ амьдрал дунд ор, аж байдлыг нь хар. Төсвийг өнөө, маргаашгүй батлах гэж байхад танхимд байгаа гишүүдээ бас харчих, оршуулгын газар шиг л байна шүү дээ. Ард түмний төлөөлөл болж сонгогдчихоод ажлаа хий л дээ, Ардын намынхаан. 2023 оны төсөвт гэрэл гэгээтэй юм нэг ч алга” хэмээхэд УИХ-ын дарга хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй юм ярилаа гэж шүүмжилж, “Д.Ганбат гишүүн төсвийн нэг ч хэлэлцүүлэгт суугаагүй, тасалсан. Төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах вэ гэх мэтээр ажил хэрэгч санал гаргаж, идэвхтэй бай” гээд сануулга өглөө. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар хуралдаан даргалагч гишүүнд эхлээд сануулах, улмаар үг хэлэх эрхийг нь хасах, танхимыг орхин гарахыг үүрэг болгох, оролцох эрхийг нь хасах гэх мэт арга хэмжээг шат дараалан авах эрхтэй.