Мэдээллийн UIH.mn сайтын “Батлагдсан хууль” цэсэнд онцлох 10 хуулийн бүрдүүлбэр үүсгэлээ. Тодруулбал, тухайн хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээс эцэслэн баталсан хүртэлх хугацаанд ажлын хэсэг, байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэзээ хэлэлцсэн талаарх хуваарь, мөн хуралдааны тэмдэглэлийг тус бүрээр нь харах боломжтой. Үүнээс гадна хуулийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн тухай, мөн хуулийн үзэл баримтлал, өргөн барьсан төслийн эх, холбогдох судалгаа, тооцоо, хуулийн зүйл заалтыг энгийнээр тайлбарласан нийтлэл, постер, видео зэргийг байршуулжээ.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс хэрэгжүүлсэн “Иргэнд ойрхон хууль” төслийн хүрээнд тус цэсийг үүсгэж, хуулийн бүрдүүлбэр сан бий болгосон байна.
Цаашид УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэж байгаа болон баталсан хуулиудаар тус санг баяжуулах бөгөөд хууль батлахад иргэдийн оролцоог хэр хангасныг хянах боломж бүрдэх юм. Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хууль санаачлагч хуулийн төслөө холбогдох цахим хуудсанд байршуулж, иргэдээс санал авах ёстой бөгөөд дараа нь хуулийн төсөлд тусгаагүй, тусгасан саналын талаарх мэдээллийг иргэдэд танилцуулахаар заасан. Мөн иргэдтэй уулзах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахаар хульчилсан.
UIH.mn сайтын “Батлагдсан хууль” цэсийг баяжуулж, тухайн хуулийг боловсруулж, батлах явцад иргэдээс санал авсан, эсэх, ирүүлсэн саналыг тусгасан, эсэх зэргээр холбогдох шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэнэ. Ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангаж буйг мэдэх, хянах боломж бүрдэх юм.