Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Майнд теч” компани нэг литрийн савлагаатай, “Эзэгтэй”, “Оргих” ургамлын тосоо 6600 төгрөгөөр борлуулж эхэлснээ мэдээллээ. Тус компани нь 2012 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 300 гаруй тонн рапс боловсруулж, 30 000 тонн тос бэлтгэх хүчин чадалтай юм байна. Түүнчлэн дээрх тос нь эх орондоо тарьж, ургуулсан түүхий эдээс шахалтын аргаар гаргасан, гений өөрчлөлтгүй, химийн бодисын хольцгүй гэдгээрээ онцлог аж. “Майнд теч” компанийн захирал Б.Мөнхбаяр “100 тонн рапс боловсруулахад 35 орчим хувь нь тос, үлдсэн нь малын тэжээл болдог. Гадаадын улс орнуудад химийн арга ашиглан 100 тонн түүхий эдийн 99 хувийг тос болгодог. Тиймээс манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг органик гаралтай, эрүүл мэндэд ээлтэй гэж ойлгож болно. “Эзэгтэй”, “Оргих” нь импортын тосноос 35-40 хувиар хямд үнэтэй байгаа нь биднийг НӨАТ-аас чөлөөлснийх, мөн бид зар сурталчилгааны зардлаа хэмнэдэг. Манай улс жилд 20 000 орчим тонн ургамлын тос хэрэглэдгийн дийлэнхийг импортолдог. Хэрэв импортын бүтээгдэхүүний татварыг өсгөх, эсвэл дотоодын үйлдвэрлэгчдэд урт хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлбэл үндэсний үйлдвэрийн хямд үнэтэй бүтээгдэхүүнээр зах зээлээ бүрэн хангах боломжтой” гэв.