Өнгөрсөн өдрүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Ирэх өдрүүдэд ч бараа бүтээгдэхүүний илүү өснө хэмээн эдийн засгийн шинжээчид хэлж, хямралд бэлэн байхыг иргэдэд сануулж буй. Тэгвэл "Майнд теч" компанийнхан дотооддоо үйлдвэрлэдэг ургамлын тосныхоо үнийг зах зээлийн хамгийн хямд ханшаар тогтоосноо өнөөдөр зарлалаа. "Майнд теч" компанийн захирал Б.Мөнхбаяр үнийн хувьсал хийж буй талаараа "Бид эх орондоо тарьж ургуулсан юнгар (Рапс)-ыг боловсруулж, ургамлын тосоо үйлдвэрлэдэг. Түүхий эдээ тасралтгүй авах гэрээ байгуулсан нь ургамлын тосны үнээ бууруулах шалтгаан болсон. Ирэх оны гуравдугаар хүртэл ургамлын тосоо тасралтгүй үйлдвэрлэнэ. Түүхий эд хангалттай байгаа нь давуу тал. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний хувьсал хийхээ зарлаж, Засгийн газар "Эзэгтэй", "Оргих" ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлсөн нь том дэмжлэг болсон. Дээр нь бид зар сурталчилгаанд мөнгө цацахгүй байхаар шийдсэн. Учир нь борлуулалтын зардал нь бүтээгдэхүүний үнийг 2-5 хувиар нэмэгдүүлж байдаг. Эцсийн дүндээ хэрэглэгчид борлуулалт, марктингийн зардлыг төлдөг. Тиймээс бид зар сурталчилгаанаас татгалзаж байна" гэсэн юм. Ийнхүү тэд жилдээ 30.0 тонн тос зах зээлд нийлүүлж, импортын тосны эсрэг ажиллахаа мэдэгдлээ. Харин монголчуудын нэг жилийн тосны хэрэглээ 20.0 тонн юм. Ирээдүйд тус компанийнхан тосоо экспортод гаргахаар төлөвлөжээ. Дэлхийд орнуудад үйлдвэрлэдэг ихэнх тос химийн уусгагч бодистой бол "Майнд теч" компанийн үйлдвэрлэж буй тоснууд халууны аргаар гаргаж авсан, эрүүл хүнс гэнэ. Товчхондоо тус компанийнхан нэг литр тосны үнээ 6600 төгрөгт барихаа зарлалаа.
Үүнээс гадна тус компанийнхан малын тэжээл үйлдвэрлэж буйгаа нэмж хэлсэн. Эл тэжээл мал өвөл зуданд хорогдохгүй байхад дэм болохуйц бүтээгдэхүүн гэнэ. Мөн сүүний гарцыг хоёр хувиар нэмэгдүүлэх сайн талтай аж.
Эцэст нь "Майнд теч" компанийнхан бусад дотоодын үйлдвэрлэгч, үндэсний компаниудаа Хүнсний хувьсгалд нэгдэж, бараа бүтээгдэхүүнээ аль болох зах зээлийн доод ханшаар борлуулахыг уриалсан юм.