Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өмнө нь ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлж, түүнийхээ дагуу урамшуулал олгодог болсон билээ. Тэгвэл өчигдрөөс цэцэрлэгийн багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг эхлүүлэв. Үүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 992 цэцэрлэгийн багш нарыг хамруулах юм байна. Багшийн ажлыг үнэлэхдээ хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа, мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг харгалзан үзэх гэнэ. Ингэхдээ тухайн багшаас гадна эцэг, эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн хамт олон, удирдлагаас асуумж авах юм байна. Мөн ажиглалтын аргаар багшид “дүн” тавих нь. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн багшид олгох урамшууллыг тооцох ажлыг Боловсролын ерөнхий газрынхан хариуцах аж. Ташрамд дурдахад, ерөнхий боловсролын сургуулийн 29 324 багшийг өмнөх үнэлгээнд хамруулж байв. Тэдний 40 хувь нь хангалттай гэж үнэлэгдэж, цалингийнхаа 10-25 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал авсан билээ.
Бэлтгэсэн М.Оч