Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу зургаан их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 оны долдугаар сарын 31-нд шинэчлэн байгуулж, дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасан. Тэгвэл Монголбанкныхан своп хэлцлийн хугацааг ирэх жил дахин гурван жилээр сунгахаар төлөвлөж буйгаа дуулгалаа. Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн дагуу манай улс 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх буюу 12 тэрбум юань авч ашиглажээ. Төвбанк авч ашигласан юаниа эргүүлж төлөх боломж бүрдүүлж чадахгүй байгаа учраас своп хэлцлийг гэрээг 2010 оноос хойш сунгасаар байгаа юм. Хятадын Ардын банк своп хэлцлийн дагуу манайхаас 100 сая төгрөг зээлсэн боловч ашиглалтгүй байсан учраас эргүүлэн өгсөн гэнэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Улсын гадаад валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрэх үед своп хэлцлээр авсан юанийнхаа 500 сая ам.доллартой дүйх хэсгийг төлье гэж төлөвлөж байсан. Гэвч цар тахлын улмаас хил хаагдаж, гадаад валютын орох урсгал саатсанаар бид нөөцөөсөө төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх шаардлагатай болсон. Ингээд своп хэлцлийг сунгахаас өөр аргагүй нөхцөлд хүрээд байна” гэв. Монгол Улсын валютын нөөц 2021 оны дөрөвдүгээр сараас хойш 40 гаруй хувиар буурч, 2.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.