УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх, маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг өнгөрсөн баасан гарагт товлоодбайсан ч хойшлуулав. Учир нь уг хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч, гишүүн Г.Ганболд хойшлуулах хүсэлт ирүүлснийг Үндсэн хуулийн цэц хүлээн авсан байна. Хуралдааны товыг жич зарлахаа Цэцээс мэдэгдсэн тул хэзээ болох нь тодорхойгүй гэсэн үг.
Дээрх заалтуудад Цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, ерөнхий аудитор, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийнх нь дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, (гишүүн), Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаар томилгооны сонсгол хийхээр заасан байна. Мөн УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол нэр дэвшигчийн сонсгол хийхээр тусгажээ. Тэгвэл УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулснаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, цаашлаад Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлдэг Ерөнхийлөгч, Дээд шүүх зэрэгинституцийнтомилгооны бүрэн эрхэд халдаж байна гэж Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Ж.Баянмөнх үндэслэлээ тайлбарласан аж. Эдгээр заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж иргэн үзсэн учраас Цэц “Тийм, түүний зөв” гээд шийдчихвэл нэр дэвшигчийн сонсгол явуулах эрх зүйн орчин үгүй болох юм. Тэр тусмаа Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонсголоор “оруулахгүй” байж хэрхэвч болохгүй хэмээн хуульчдын төлөөлөл эсэргүүцэн, Цэц анхнаасаа эл асуудлаар маргаан үүсгэсэн нь буруу байсан гэх мэтээр байр сууриа илэрхийлэх болов.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Өөрөөр хэлбэл, мөрдөөд нэг жил ч болоогүй байна. Энэ хугацаанд Дээд шүүхийн шүүгч, Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилохтой холбоотойгоор нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулжээ. Уг хуулийг батлахаас өмнө буюу Нийтийн сонсголын тухай хуулийг 2015 онд баталж, есөн төрлийн сонсгол хийж болохоор хуульчилсны дотор томилгооных бий бөгөөд үүнийг хэрхэн зохион байгуулахыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулсан юм. Ерөнхийдөө нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавих шаардлага, чадвар, туршлагыг хэр хангаж буй, ёс зүйтэй, эсэхийг УИХ-ын гишүүд төдийгүй иргэд, олон нийтийн төлөөлөл хамтдаа нээлттэй сонсох боломжийг үүгээр бүрдүүлсэн билээ. Үнэндээ томоохон албан тушаалын томилгоог богино хугацаанд, хаалттай, иргэд битгий хэл, түүнийг хэлэлцдэг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн оролцоог ч хангахгүй шахам, тулгалт байдлаар хийж ирсэн явдал цөөнгүй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Цэцийн гишүүнээр нийт 38 хүнийг томилсон бөгөөд үүний дотор манай улсын тэргүүлэх хуульчид, хууль зүйн эрдэмтэд олноороо бий. Гэвч эдгээрээс тав нь эрхзүйч мэргэжил эзэмшээгүй хүн байсан. Мөн эрхзүйч мэргэжлээр суралцсан ч тухайн чиглэлээрээ сүүлийн 10, 20 жил ажиллаагүй зарим хүнийг томилсон байдаг. Энэ бол Цэц Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа байх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болсон шалтгааны нэг” хэмээн дурджээ. Уг нь Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байх шаардлагахуулиар тавьж ирсэн юм.
Тиймээс ч Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар сонсгол явуулахтай холбоотой заалтыг Цэц хянах гэж буй нь нэг талаар хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нөлөө бүхий улстөрч, төрийн өндөр албан тушаалтан ойрын хүнээ Цэцийн гишүүнээр “шууд” томилуулахын тулд иргэнд “захиалга” өгч мэдээлэл гаргуулаад, түүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэж, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох гэж байгаа юм биш биз гэх сэжиг бий. Цэцийн гишүүнээр томилогдохдоо, томилогдсоныхоо дараа хянан шийдвэрлэсэн маргаан нь хэл ам, шүүмжлэл дагуулж, бүр захиалга өгч мэдээлэл гаргуулан, хуулийг зүйл, заалтаар нь хүчингүй болгодог гэх хардлага хүчтэй байгаа энэ үед үүнийг үгүйсгэж боломжгүй санагдана.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг 2016 оны арваннэгдүгээр сард томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй учраас орыг нь залгах хүнийг ойрын үед томилох ёстой. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлэн томилсон юм. Үнэндээ тухайн үеийн парламентыг даргалж байсан М.Энхболдын ойрын хүн хэмээн шивэр авир хийхээс хэтрээгүй. Харин одоо хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд сонсгол, хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст түүний оронд хэн нэгнийг томилох юм. Тодруулбал, УИХ-аас нэр дэвшүүлж буй хүн нь Цэцийн гишүүнд тавигдах мэдлэг, чадвар, ёс зүй, туршлагыг хэр сайн хангаж байгааг харуулахуйц мэдээллийг цахим хуудсаараа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ёстой. Улмаар холбогдох байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг товлон зарлаж, нийтэд мэдээлнэ. Ингээд 14-өөс доошгүй хоногийн хугацаанд тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг цахимаар болон шуудангаар олон нийтээс хүлээж авдаг. Үүний сацуу сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээдийг ч бүртгэдэг. Иргэдээс асуулт, санал хүлээж авах 14 хоногийн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд заасан байна. УИХ-ын холбогдох байнгын хороо хараат бус шинжээч томилж, олон нийтээс ирсэн санал, асуултыг судлах, ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулан, тухайн нэр дэвшигчийн ур чадвар, ёс зүй, туршлагын талаар дүгнэлт гаргах ажлыг энэ хугацаанд хийлгэж болно. Энэ мэтээрсайтар бэлтгэсний үндсэн дээр сонсгол хийж, нэр дэвшигчийн талаар хангалттай хугацаанд хэлэлцэх боломж олгож байгаа юм. Гэхдээ сонсголоос шийдвэр гаргаад, шууд томилчихдоггүй. Сонсголоос гаргасан тайланг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлдэг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, эсэхийг УИХ л шийднэ.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох, эсэхийг хууль тогтоох байгууллага эцэслэн шийдвэрлэнэ. Өдгөөгөөс яг жилийн өмнө эдгээр шүүгч бус гишүүний сонсголыг УИХ хийж, томилсон юм. Нэг талаас УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлж, нөгөө талаас шүүхийн шинэчлэлийн хүрээнд зохион байгуулсан сонсгол нь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж, багагүй маргаан, мэтгэлцээн өрнөх талбар болсон юм даг. Сануулбал, Шүүгчийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс тав нь тунаж, Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн, Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун, Д.Ариунтуяа нарыг томилсон юм. Сонсголын үеэр Д.Эрдэнэчулуун болон гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой байр суурь илэрхийлж, эл албанд тохирох, эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлэх гишүүд ч байв. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилохтой холбоотой сонсголынүеэр ч түүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа цөөнгүй гишүүн илэрхийлсэн юм. Гэвч тэднийг томилсон, хууль тогтоогчдын олонхын саналаар дэмжсэн. Муулж муулчихаад томилох байсан юм бол сонсгол хийх хэрэг байна уу гэж асуух хүн ч байв. Үнэндээ Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо (хуучнаар Шүүхийн ёс зүйн хороо)-ны гишүүд, Дээд шүүхийн шүүгч нарыг хэрхэн томилсныг олон нийт битгий хэл, хуульчид, салбарынхан ньч мэдэхгүй, мэдээлэлгүй өнгөрдөг байсан шүү дээ. Шинэ тутам гарч ирсэн, нээлттэй, ил тод хэлэлцээд явах энэ мэт механизмаа хэрэглээд, улам боловсронгуй болгоод урагшлах нь зөв биз ээ.