АН-ын 4:11 ээлжит мэдээллийн цаг өчигдөр болж, ирэх оны улсын төсвийн төслийг эгүүлэн татахыг Засгийн газраас шаардав. Ингэхдээ Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх ёстой гэлээ. Шаардлагын хариуг энэ сарын 11 гэхэд өгч, төслөө татаж авахгүй бол 14-нөөс бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн үеэр Үндэсний бодлогын хорооны Төсвийн бодлогын хорооны дарга Ц.Алтанцэцэг 2023 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг бодлогын баримт бичигт нийцэхгүй байгааг дурдахын сацуу боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангаж чадаагүй хэмээн шүүмжилсэн юм.
Бэлтгэсэн У.Наран