Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бригадын генерал С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилов. Түүнийг томилуулахаар Төрийн тэргүүнээс ирүүлсэн зөвшилцөх саналыг УИХ өчигдөр өглөө нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн юм. С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1997 онд Цэргийн их сургууль, 2019 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг дүүргэжээ. Тэрбээр 1997-2000 онд зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд тус ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерын дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онд тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны есдүгээр сар хүртэл яамныхаа Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад ЗХЖШ-ын I орлогч даргаар томилогдсон юм.
ЗХЖШ-ын шинэ даргыг хүлээн авах ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцсон бөгөөд “ЗХЖШ-ын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан” хэмээн албаа өгч буй дэслэгч генерал Д.Ганзоригт талархал илэрхийлэв. Мөн ЗХЖШ-ын даргаар I орлогч даргыг нь томилж буй нь зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, үйл ажиллагааны зарчимч чанарыг хадгалах, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зорилготой гэж тодотголоо. Д.Ганзоригийг 2019 онд ЗХЖШ-ын даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга томилж байв.
Бэлтгэсэн Б.Уран