Гадаадын банкны салбарыг эх орондоо байгуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж УИХ-ын зарим гишүүн ярих боллоо. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн танилцуулга дахь Засгийн газраас 2023 онд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл хэсэгт “Банкуудын активын чанарын үнэлгээг хийж дуусгаж, ойрын хугацаанд ил тод болгох, өрсөлдөөнийг дэмжих хүрээнд гадаадын банк Монгол Улсад салбараа нээх процессыг хялбаршуулж, өрсөлдөөнийг дэмжсэн зөв тогтолцоо бүрдүүлнэ” гэж тусгасан. Тэгэхээр Засгийн газрын баримтлах бодлогыг УИХ-ын зарим гишүүн дэмжиж, эрх зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэж болох нь. Эрх баригчдын хүрээнд энэ асуудлыг гаргаж тавьж, судалж боловсруулах зааврыг УИХ-ын зарим гишүүнд өгсөн байх магадлалтай. Энэ асуудал Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хамт хөндөгдөж байгаа учраас ийнхүү таамаглав.
Төсвийн танилцуулгад “Өрсөлдөөнийг дэмжсэн зөв тогтолцоо бүрдүүлнэ” гэжээ. Эндээс гадаадын банкны салбарыг дотоодын зах зээлд байгуулж, үндэсний банкуудтай өрсөлдүүлнэ гэсэн логик уншигдаж байна. Өмнө нь гадаадын банкны салбарыг дотоодод байгуулах талаар хөндөхөд манайхан ихээхэн эсэргүүцдэг байв. Ялангуяа банкны салбарынхан илт эсэргүүцсээр ирсэн. Энэ удаад ч Засгийн газрын баримтлах бодлого банкуудын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Ямартай ч гадаадын банкийг дотоодын зах зээл доруулж ирэх улс төрийн шийдвэр гаргажээ гэж ойлгож байна. Ерөөс ХААН, “Голомт”, Худалдаа, хөгжлийн банкны эзэд Монгол Улсын мөнгөний бодлогын 80 хувийг мэддэг гэсэн явган яриа байдаг. Хэрэв эрхзүйн орчноо элдэв хязгаарлалт, босгогүй, энгийн хялбар болгочихвол танай оронд банкны салбараа нээе гэсэн саналыг гадаадын банкууд Засгийн газарт тавьсан ч байж магадгүй. Гэхдээ санхүүгийн салбарынхан “Монголын эдийн засаг жижиг байгаа учраас ойрын хэдэн жилдээ гадаадын банк манайд салбараа нээхгүй” гэж итгэлтэй хэлж буй.
Гадаадын банк оруулж ирэх эрх зүйн орчныг хоёр чиглэлээр сайжруулах, бас бүрдүүлэхээр УИХ ажиллаж байна. Эхнийх нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, түүнтэй уялдуулан Монголбанкны журмыг хялбарчлах ажлыг гүйцэтгэх бололтой. Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлах нь. Өнөөгийн мөрдөж буй Банкны тухай хуулиар гадаадын банк салбар, төлөөлөгчийн газраа нээх нь нээлттэй. Гэвч хатуу журамтай учраас давахад бэрх. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өндөр босго, хатуу хязгаарлалт тавьсан нь харагдсан. Тэгэхээр манайх гадаадын банк орж ирэх боломжийг гацаадаг эрх зүйн орчин бүрдүүлдэг улс юм.
ХАТУУ ЖУРАМ ХЭРЭГТЭЙ ЮҮ
Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэнэ. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулиар олгодог шинэ эрх зүйн орчин үйлчлэх гэж буй. Үүнтэй уялдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гадаадын банк Монгол Улсад салбараа нээх процессыг хялбарчилна гэж эх сурвалж дуулгав. Одоо мөрдөж буй Банкны тухай хуулийн 22 дугаар заалтад гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газар нээх заалт тодорхой байгаа. Уг хуульд гадаад банкны салбар байгуулахад тусгай өндөр шаардлага тавиагүй.
Харин Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2019 оны гуравдугаар сарын 22-ндбаталсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 2.1.7.2-т“Банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх гурван жилийн хугацаанд активын хэмжээгээр “Bankers almanac”-аасгаргасан жагсаалтын эхний100-д багтсан байх”, 2.1.7.3-т“Олон улсын зэрэглэл тогтоогч “Standard & Poor’s”, “Fitch” байгууллагаа савсан ур тхугацааны үнэлгээ нь А-аасдоошгүй, “Moody’s” байгууллагаас авсан урт хугацааны үнэлгээ нь А2-оос доошгүй байх”, 2.1.7.4-т“Тухайн этгээд бүртгэгдсэн улсаас бусад оронд банк, түүний нэгж байгуулж, үйл ажиллагаагаа гурваас доошгүй жил тогтвортой явуулж байгаа”, 2.1.7.6-д“Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад нэгээс дээш жилийн хугацаанд үйлажиллагаа эрхэлсэн байх” гэсэн заалт бий. Энэ бол өндөр босго тавьсан хатуу журам. Одоогоор Японы “Tokyo-Mitsubishi UFJ”, БНХАУ-ын “Bank of China”, “Industrial and commercial bank of China” манай улсад төлөөлөгчийн газраа ажиллуулж буй. Дээрх журмын дагуу эдгээр банк л манайд салбараа нээх эрхтэй байх нь.
УИХ-ын гишүүн, Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ талаар “Төвбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журамд өндөр шалгуур тавьсан байдаг. Монгол Улс13 тэрбум ам.долларын эдийн засагтай. Энэ бол АНУ-ын дундаж компанийн жилийн орлоготой дүйнэ. Тиймээс дэлхийн шилдэг 100-д багтдаг банкууд манай зах зээлийг сонирхохгүй. Тэгэхээр шалгуураа нэлээд багасгах нь зүйтэй. Гадаадын жижиг банк ч салбараа нээдэг байх эрх зүйн нээлттэй орчныг бүрдүүлэх хэрэгтэй” гэж ярив. Засгийн газраас баримталж буй бодлого болон Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд дээрх хатуу журмыг эргэж харах, “зөөлрүүлэх” шаардлага тулгарч байна.
ӨНДӨР БОСГОТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
Сангийн сайдаар ажиллаж буй Б.Жавхлан 2016 ондУИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан Гадаадын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Тэрбээр 1997-2016 онд хүртэл Монголын банкны системд ажилласан туршлагатай. Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Худалдаа, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч гэх өндөр албан тушаал хашиж байсан. Тиймээс ч дээрх хуулийн төслийг боловсруулсан биз. Гэвч түүний боловсруулсан хуулийн төслийг УИХ өдий хүртэл хэлэлцээгүй юм. Тэгвэл саяхнаас уг хуулийн төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, хэлэлцүүлэхээр ажиллаж эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ажлын хэсгийг ахалжээ. Гадаадын банкны тухай хуулийн төсөл хадгаламж татахгүй, гадаадаас их хэмжээний мөнгө оруулж ирж, томоохон төслүүдэд урт хугацаатай зээл олгодог банк байх үзэл баримтлалтай байв. Тэгвэл шинэ ажлын хэсгийнхэн хуулийн нэрийг Хөрөнгө оруулалтын банкны тухай хэмээн өөрчилж, үзэл баримтлалыг нь илүү өргөн болгожээ.
Уг хуулийн төслийн дагуу бол хөрөнгө оруулалтын банк нь төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулан урт хугацаатай зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалтгаргах, үнэт цаас, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах боломжтой байх аж. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, итгэлцлийн болон даатгалын зуучлагч, андеррайтерын үйлчилгээ, кастодиан, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээг эрхлэх юм байна.
Хөрөнгө оруулалтын банк нь дотоодын зах зээлээс хөрөнгө босгохгүй, зөвхөн гадаадаас мөнгө татаж үйл ажиллагаа явуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн дотоодын харилцагчаас хадгаламж татахыг хориглоно. Энэ нь гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх сайн талтай заалт юм. Тэгвэл хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар тусгажээ. Нэг талаар хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан их нь байх зөв. Нөгөө тээгүүр, Монголын жижиг зах зээлд арай бага мөнгөөр хөрөнгө оруулалтын банк байгуулах нөхцөлийг хаах магадлалтай. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээл олгох зорилгоор 300 тэрбум төгрөгийн дүрмийн сантай хөрөнгө оруулалтын банк байгуулъя гэвэл эрхзүйн боломжгүй болох нь. Монгол Улсын хамгийн том банк бус санхүүгийн байгууллага “Инвескор” 120 орчим тэрбум төгрөгийн дүрмийн сантай. Үүнтэй харьцуулахад өндөр босго шиг харагдаж байна. Хуулийн төсөлд“Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа” гэсэн шаардлага тавьжээ. Энэ заалтын дагуу бол манай улсад төлөөлөгчийн газраа нээсэн дээрх гурван банк л хөрөнгө оруулалтын банк байгуулах эрхтэй болох нь. Ингэж өндөр босго тавих хэрэг байна уу. Эрх зүйн нээлттэй бодлоготой байвал гадаадын банкууд манай зах зээлийг сонирхох юм биш үү. Эцсийн бүлэгт гадаадын банкийг гацаадаг хууль, журам батлах шаардлагатай ч юм уу.