Британид улс төрийн шинэ дуулиан дэгдэж, тус улсын Дотоод хэргийн сайд Суелла Браверман олны анхаарал татав. Тус улсын зүүн өмнөд нутаг дахь цагаачдын төвийн цонхоор 66 настай эрэгтэй “Молотовын коктейль” буюу шатамхай бодис бүхий хэд хэдэн лонх шидсэнээс уг асуудал үүсжээ. Энэ үйл явдал Британид хууль бус цагаачидтай харьцахдаа ноцтой алдаа гарсныг илчилсэн гэнэ.
Цагаачдын төвд гал гарах үеэр ноцтой бэртэж гэмтсэн хүнгүй ч тэнд байсан 700 цагаачийг ойролцоох Мэнстон төв рүү шилжүүлэхэдхүрсэн байна. Ингэснээр 1600 хүний багтаамжтай уг төвд 4000 цагаач байх болжээ. Хэт бөөгнөрөл үүссэн нь байдал хурцдаж, хүчирхийлэл үүсгэж буй аж. Цагаачдын нөхцөл байдал муудсанд тус бүс нутгийн эрх баригчид, буяны байгууллагууд болон сөрөг хүчнийхэн Дотоод хэргийн сайд Суэлла Браверманыг буруутгав. Тэрбээр саяхан дуулиан шуугиантайгаар албан тушаалаасаа огцорсон ч Риши Сунак Ерөнхий сайдаар томилогдсоноор сайдын албан тушаал дахин хаших болсон юм.
Суэлла хямралд өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, хууль бус цагаачлалын давлагааг түрэмгийлэл гэж нэрлэсэн нь шүүмжлэлийн шинэ давлагаа үүсгэжээ. Үүний улмаас Британийн Сайд нарын танхимынхан, тэр дундаа Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэл хийхэд хүрэв. Түүний хэвлэлийн төлөөлөгчид Британийг зочломтгой, энэрэнгүй орон бөгөөд С.Браверманы хэлсэн түрэмгийлэл гэдэг үг нь тус улсад тулгарч буй сорилтуудын цар хүрээг онцлон харуулах зорилготой хэмээн мэдэгдсэнюм.
Хуучин цэргийн бааз байсан Мэнстонд буй цагаачид орогнох эрх хүссэн өргөдлийг нь хэлэлцэх, биеийн байцаалт, аюулгүй байдлын шалгалтыг дуусгах 24 цагийн хугацаанд байх ёстой ч хэдэн долоо хоногоор резинэн дэвсгэр дээр унтаж, цэвэр агаарт гарах боломжгүй нөхцөлд байдгийг саяхан шалтгалтаар тогтоожээ. Гэтэл таван долоо хоногийн өмнө С.Браверман шинэ зочид буудлуудыг цагаачдад ашиглахгүй байх албан ёсны шийдвэр гаргасан нь Мэнстонд хямрал үүсгэсэн аж. Түүний шийдвэр хууль зөрчиж байна гэсэн албан ёсны анхааруулгыг С.Браверман хүлээн авсныг Засгийн газрын эх сурвалжууд ВВС-д мэдээлсэн аж.
Сүүлийн үед Ла-Маншийн сувгаар дамжин ирж, орогнох эрх хүсэгчдийн тоо 40 мянгад дөхөж, дээд “амжилт” тогтоогоод буй. Өнгөрсөн жил уг үзүүлэлт 28 526, 2020 онд 8404 байсан аж. Ирсэн хүн бүр шахам улс төрийн орогнол хүсдэг учир Британийн Засгийн газар хууль бус цагаачдыг эхлээд Руанда руу илгээж, тусгай төвүүдэд байршуулах шинэ тогтолцоог зарлаж, урьдчилан 120 сая фунт стерлинг зарцуулсан нь хүний эрхийн байгууллагууд болон цагаачдын эрхийн төлөө тэмцэгчдийг шүүхэд хандахад хүргэсэн байна. Ингэснээр шүүхийн шийдвэр гарах хүртэл уг хөтөлбөр хэрэгжих боломжгүйд хүрсэн аж.