- ХААН Банкны цахим сувгуудыг 1.6 сая харилцагч идэвхтэй хэрэглэдэг гэсэн тоо байдаг юм байна. Тэгэхээр дижитал шилжилт харилцагчдад ямар давуу тал олгож, хэрхэн нөлөөлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
- Зөвхөн манай банкны хувьд ч биш, салбарын хэмжээнд, цаашлаад дэлхий даяар цахим шилжилт эрчимтэй өрнөж байгааг бид бүгдээрээ харж байна. Дижитал болохын, энэ чиглэлд хөгжиж буйн давуу тал мэдээж олон. Хамгийн энгийн нь гэвэл, банкны үйлчилгээг харилцагч амар хялбараар, байгаа газраасаа, хүссэн үедээ авах боломжтой болж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээ харилцагчдын дэргэд очиж буй учир харилцагч цаг заваа илүү чухал, хэрэгтэй зүйлдээ зарцуулна.
Том зургаар нь харвал, цахим шилжилтийг дагаад тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчинд үзүүлж буй том нөлөөг онцолж болно. Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ гэдэг харилцагчийн цаг заваас гадна тэр үйлчилгээг үзүүлэхэд ашиглах цаас, цахилгааны зардлыг хэмнэнэ. Цаашлаад салбар, тооцооны төвд очиход зарцуулах шатахууныг хэмнэнэ, энэ нь агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна. Өөрөөр хэлбэл, жижиг мэт харагдаж байгаа ч энэ өөрчлөлтүүдийн цаана урт хугацаандаа маш бодитой үр дүн өгөхүйц, байгальд ээлтэй шийдлүүд явж байна. Тэгэхээр хүн төрөлхтөнд тулгараад байгаа экологийн асуудлуудыг шийдэх, тогтвортой хөгжилд ч хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг.
- Харилцагчдад олгох давуу талаас гадна байгууллагын үйл ажиллагаанд, процесс талдаа ч олон эерэг өөрчлөлт гарах байх?
- Бид 2025 он гэхэд бүрэн дижитал банк болох стратегийн зорилт тавиад ажиллаж байна. Түрүүн хэлсэнчлэн, харилцагчдад ирэх давуу талаас гадна банкны үйл ажиллагаанд ч олон дэвшлийг авчирна. Тухайлбал, бичиг баримт бүрдүүлэх зэрэг олон жижиг процессийг цахимжуулснаар харилцагчдадаа илүү цаг зарцуулах, анхаарах цаг, боломж гарч ирж буй.
Өдөр тутмын үйл ажиллагаанд цаг зарцуулахаас илүү харилцагч маань хэн бэ, ямар хэрэгцээ шаардлага тэдэнд байна вэ, юуг хүсэж байна вэ гэдгийг судлаад санхүүгийн зан төлөвт нь тохирсон бүтээгдэхүүнийг санал болгож эхэлнэ. Тэгэхээр процедурын ажил багасаад хүндээ чиглэсэн, харилцагч төвтэй болох нөхцөл бүрдэж байна. Мэдээж, үүгээр зогсохгүй цаашид ч технологи, нийгмийн чиг хандлагаа дагаад улам хөгжөөд илүү олон боломжийг бүтээгээд л явна.
- Дэлхийн чиг хандлагаас харсан ч, Монгол Улсын хувьд ч хувийн хэвшил, тэр дундаа банк санхүүгийн салбарын цахим шилжилт хурдацтай урагшилж байна. ХААН Банкны хувьд дижитал стратегийн онцлог нь юу вэ?
- Манай банкны дижитал стратеги гурван үндсэн зүйлд төвлөрч байна. Нэгдүгээрт, харилцагч төвтэй байх. Харилцагчдад санхүүгийн ямар асуудал, ямар боломж байна вэ гэдгийг олж харах, яг үүнийг хамгийн энгийнээр, ойлгомжтойгоор шийдсэн бүтээгдэхүүнийг санал болгох ёстой гэсэн үг. Хоёрдугаарт, харилцагчийн хувьд санхүүгийн зан төлөв нь өөр, хэрэгцээ шаардлага нь ч өөр. Тэгэхээр бид харилцагчийн датанд тулгуурлан хиймэл оюун ухаан ашиглаад бүтээгдэхүүнээ илүү сайжруулан, шинэ үйлчилгээгээ санал болгож байна.
Гуравдугаарт, дижитал соёлыг төлөвшүүлэх. Цахим шилжилт, өөрчлөлт гэдэг зөвхөн шинэ, дэвшилтэт технологийг ашиглах, шинэ аппликэйшн гаргах асуудал биш. Өргөн утгаараа энэ бол соёл, хэрэглээ, том цогц ойлголт. Тэгэхээр бид энэ шилжилтийг хийхдээ харилцагч нартаа ч, ажилтнууддаа ч тэр дижитал соёлыг төлөвшүүлэх, өөрөөр хэлбэл суурь хөрсийг нь тавих ёстой болно. Дижитал банк болох зорилгыг бид өчигдөр, эсвэл өнгөрсөн жил тавьчихаагүй. Мобайл банкны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байхад, эсвэл Khan Bank аппликэйшн гарч байхад, өөрөөр хэлбэл 10-15 жилийн өмнөөс энэ үйл явц эхэлсэн, цаашид ч үргэлжлээд явна.
- Khan Bank аппликэйшнийг сард 1.3 сая, 7 хоногт 1.0 сая, өдөрт 590-650 мянган иргэн хэрэглэдэг гэсэн тоо байна. Төлбөр тооцооноос эхлээд олон үйлчилгээг цахимаар авч байна. Цаашид банкны ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ түлхүү цахимжих вэ?
- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид зээлийн бүтээгдэхүүнүүдийг цахим болгох хөгжүүлэлтүүд дээр илүү төвлөрч ажиллаж байна. Цалингийн зээл, хадгаламж барьцаалсан зээл, хэрэглээний зээл буюу лизинг, ПОС төхөөрөмжийн орлого барьцаалсан зээлийг одоо 100 хувь онлайнаар авдаг боллоо.
Цаашид бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулсан зээлүүдийг цахимаар шийдэх, автоматжуулах дээр төвлөрч байна. Дээр хэлсэнчлэн, санхүүгийнх нь гүйлгээ, зан төлөвт үндэслээд цаашид харилцагчдыг хэрхэн дэмжих вэ, ямар бүтээгдэхүүн санал болгох вэ гэхчилэн анализ төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, харилцагчийнхаа зан төлөвт суурилсан бүтээгдэхүүнүүдийг түлхүү санал болгоно гэсэн үг. Яг тухайн харилцагчид тохирох, хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүнийг санал болгодог байх нь манай банкны үндсэн зорилго.
- Цахим шилжилт, технологи дагасан өөрчлөлт нэг өдөр, эсвэл тодорхой хугацааны зүйл биш, урт хугацаанд үргэлжилнэ гэлээ. Энэ үйл явцад ямар сорилтууд тулгарч байна вэ?
- Энэ бол зөвхөн програм, технологи, үйлчилгээтэй холбоотой асуудал биш. Илүү том, цогц гэдэг утгаараа олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Банк санхүүгийн салбарын хувьд дижитал шилжилт хийхэд хамгийн наад зах нь Монгол Улсын хууль, эрх зүйн орчин нөлөөлнө. Ямар нэг асуудлыг илүү хялбараар шийдэх шийдлийг технологийн компаниуд, банк гаргачихлаа гэхэд хууль, дүрэм журам нь уян хатан бус, нээлттэй биш байж болно. Тэгэхээр цахим шийдэл, орчин хоёр нь хөл нийлүүлж чадахгүй тал байна.
Нөгөө талаас бас дижитал соёлыг төлөвшүүлэхэд гарч ирдэг сорилтууд ч, цахимжихийн хэрээр үүсэж болзошгүй технологийн эрсдэлүүд ч бий. Гэхдээ энэ бол туулах ёстой л сорилтууд, шийдэх асуудлууд.
- Монголын хамгийн том банканд ажиллаж буйн хувьд та цахим банкны ирээдүйг, цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Технологийн хөгжил цаг мөч бүрээр хувьсан хөгжиж байна. Цахим шилжилтийг амжилттай хийж байгаа гаднын томоохон банкуудын жишээнээс харахад цахимжих тусам харилцагчдын хэрэгцээг илүү мэдрэх, судлах, яг түүнд нь тохирсон бүтээгдэхүүнийг гаргах, санал болгох боломж өмнөхөөс илүү нэмэгдэж байна. Харилцагчдын санхүүгийн зан төлөвийн датаг ашиглаад маш нарийн моделиудыг гаргадаг болж байна. Data mining буюу өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийгээд үүндээ тулгуурлан шийдвэр гаргах аргачлал байна.
Энэ бүх чиг хандлагын ард нөгөө л харилцагчдаа төвтэй, бүх төрлийн үйлчилгээг хамгийн хурданаар, хялбар үзүүлнэ гэсэн үг. Нөгөө талаас банкны үйл ажиллагаа зөвхөн зээл, хадгаламж, төлбөр тооцоогоор хязгаарлагдахгүй болж байна. Харилцагчдаа илүү цаг гаргаж, хэрэгцээг нь судалснаар ямар тохиолдолд ямар бүтээгдэхүүн сонгох вэ, аль нь илүү өгөөжтэй вэ гэдэг зөвлөх үйлчилгээ илүү хөгжиж байна. Товчхондоо банк цаашид технологийн компанитай өрсөлдөхүйц хүчин чадалтай, нөөц боломжтой, харилцагчдадаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, санхүүгийн алхам бүрд нь хамт байдаг, шийдвэр гаргахад нь тусалж чаддаг, нийгэмд, байгальд ээлтэй, тогтвортой бизнес гэдэг чиг хандлага руугаа явна.
Тэгэхээр бид хүссэн хүсээгүй энэ хөгжилтэй хөл нийлүүлэхээс аргагүй. Технологи, соёл, үйл ажиллагааны хувьд энэ чиг хандлагыг дагахгүйгээр хөгжих боломжгүй.