Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан бөгөөд манай Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”- ын чухал гарц, Ази, Европыг холбосон 745 км, босоо тэнхлэгийн авто замыг ашиглалтад оруулсан өдөр тус хуралдаан болж буйд баяртай байгаагаа тэрбээр онцолсон юм.
Эл коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин, ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км авто замын холболтын хэсэг юм. Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцад хувь нэмрээ оруулж чадлаа гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Мөн гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын- Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсныг дуулгав. Иймд БНХАУ болон ОХУ-ын удирдлагатай энэ талаар ойрын хугацаанд уулзаж, ярилцах хүсэлтээ илэрхийлсэнюм.
Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2030 он гэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж буй. Тус бодлогыг хөрш ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилттой уялдуулж боловсруулсан юм. Эл бодлого бол олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурласан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр юм. Засгийн газар боомтын дэд бүтэц, тээвэр ложистикийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай төслүүдэд хамтран ажиллахыг тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудад уриалж, урив.
Ямартай ч боомтын сэргэлтийн бодлого хэрэгжиж, үүний хүрээнд хийх ажлууд нь зогсолтгүй урагшилж байна. Засгийн газрын тэргүүн, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг биеэрээ хариуцах хүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очсон газар бүртээ зургаан “сэргэлт”-ээ танилцуулж, тодорхой төсөл, арга хэмжээнүүдэд хамтрах, дэмжихийг хүсэж явна. Өмнөх шиг гуйж, бэлэн юм өгөөч гэсэнгүй нь энэ Засгийн газрын өнгөн дээр илэрч буй хандлагын өөрчлөлт гэлтэй. Үр дүнд нь баруун талын боомтуудаа хойноос нь урагш холбосон, босоо тэнхлэгийн 745 км замтай болчихлоо, Монгол Улс. Өнгөрсөн долоо хоногт зүүн чиглэлд Даланжаргалан-Бор-Өндөрийн 50 км замаа хүлээж аваад буй. Энэ бол Замын-Үүд-Ульхан боомтыг холбох авто замын сүлжээний нэг хэсэг. Харин одоо төвийн хэсгийн боомтууд буюу Алтанбулаг-Замын- Үүд чиглэлд хурдны зам тавих ажил нэг шат ахиж, ТЭЗҮ-ийг нь бэлэн болгочихож. Боомтын сэргэлтийн хүрээнд хийж буй эдгээр ажил нь бусад сэргэлт, тухайлбал, хот, хөдөөгийн тэнцвэрт, ногоон хөгжлийг дэмжихэд чухал түлхэц болох биз ээ.