Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталлаа. Тус УТҮГ-ын санхүүгийн үзүүлэлтээс харахад сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан нь эл байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох төрийн байгууллагад үзүүлэх авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний тарифыг хатуу тогтоосонтой холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, улсын төсвөөс “Засгийн газрын авто бааз”-ын цалингийн санхүүжилтэд гурван тэрбум төгрөг олгож байжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр заасан. “Засгийн газрын авто бааз”-ыг ийн өөрчилснөөр санхүүгийн хувьд улсын төсвөөс авдаг цалингийн санхүүжилт байхгүй болох юм. Мөн төсөвт дарамт учруулахгүй бөгөөд зах зээлийн зарчимд нийцсэн үнэ тарифаар үйлчлэх замаар орлогоо нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, улмаар тус үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилнэ гэж үзжээ.
Уг бааз нь тээврийн 164 хэрэгсэлтэй, 210 орчим ажилтан, албан хаагчтай аж. Ингэж өөрчилснөөр 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн орон нутагт Засгийн газрын албан томилолтыг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэйгээр байгуулах нь. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт дээрх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 250 автомашин хураан, төвлөрүүлээд буй аж. Ойрын хугацаанд нэмж 250 машиныг хураах гэнэ. Орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим машин татан төвлөрүүлэх гэнэ. Эдгээр машины үзлэг, оношилгоог хийж, хэрэгцээтэй газарт нь 700 орчмыг нь шилжүүлэх юм байна. Тэдгээрийг эмнэлэг, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагад өгч, хэрэглүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мэдээллээ. Харин төрийн байгууллагууд ашиглах боломжгүйг нь дуудлагаар худалдах юм байна. Нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан байна. Дуудлага худалдааны үнэлгээ 370 сая төгрөгт хүрчээ. Үүнээс гадна үлдсэн автомашиныг орон нутаг болон төрийн зарим байгууллагад шилжүүлэх гэнэ.
Бэлтгэсэн Б.Уран