БОАЖЯ-ныхан хушны самарт гойд “анхаарал” хандуулж эхлэв. Хуулийн хугацаа нь дуусах болоогүй ч баталсан квотын хэмжээнд хүрсэн гэдэг үндэслэлээр Архангай, Булган аймаг, Хөвсгөлийн гурван сумын газар нутгаас самар түүж, бэлтгэхийг ирэх оны аравдугаар сарын 1 хүртэл хориглолоо. Яам ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгүүлэх самрын хэмжээг тогтоохдоо л “Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ, орон нутаг дахь ойн ангиудын дүгнэлт, мэдээллийг чухалчилдгаас биш, өдийд ийм нарийн тооцоо, судалгаа хийлгэн, хориг, хязгаарлалт тогтоож байсан нь ховор юм.
Мэдээж энэ бол сайн жишиг. Тэрчлэн хушны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгож, зах зээл дэх үнэ цэнийг нь өсгөх чиглэлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлснийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга уржигдар мэдээллээ. Хэрэв энэ санаачилга хэрэгжвэл бордо дарс, швейцар цаг, башкир зөгийн бал, Увсын чацаргана гэдэг шиг “монгол самар” хэмээх нэршил, брэнд бий болох гэнэ. Үүнээс гадна бас нэг том ажил өрнөж байгаа нь самар экспортлогч аж ахуйн нэгжүүдийг цэгцлэх, “шигших”.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Мянга мянган тонн самар экспортолдог хэрнээ татвар төлдөггүй, нэг ч хүн цалинжуулдаггүй, ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл цуцлах үүргийг Ойн газарт өглөө” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Түүний энэ мэдэгдэл бодитоор ажил хэрэг болж буй, эсэхийг судалж, мэдээлэл цуглууллаа. Экспортын гарц, төрөл нэмэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын нэгдмэл байдлыг хангах зорилгоор ЗГХЭГ-аас энэ чиглэлийн холбогдох байгууллагынхны төлөөллийгбагтаасан ажлын хэсэгт байгуулсан юм байна. Үүнтэй зэрэгцээд БОАЖЯ аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналд үндэслэн давхар хяналт шалгалт хийж эхэлжээ.
Татвар төлөхөөс зайлсхийдэг, нэг ч ажилтан цалинжуулдаггүй аж ахуйн нэгж хэчнээн бий вэ, хэдийнх нь тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн бэ. Үүнийг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаагаас лавлахад“Ойн дагалт баялаг ашиглах тусгай зөвшөөрөлтэй 78 аж ахуйн нэгж бий. Дан ганц самар бус, мөөг, жимс, жимсгэнэ ашиглах эрхтэй нь ч эдгээрийн дунд бий. Самартай холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй байлаа гэхэд өөр чиглэлээр ажилладаг байж болзошгүй. Тиймээс үүнд хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй. Татвараас зайлсхийдэг, эсвэл тогтоосон хэмжээнд хураамж төлдөггүй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал бий нь үнэн. Гэхдээ нарийвчилсан судалгаа, үнэлэлт, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Баримт, нотолгоо цуглуулж байж тусгай зөвшөөрөлтэй нь “ярих” нөхцөл бүрдэнэ шүү дээ. Татварын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээлэл авахаар хүсэлт илгээсэн. Хариу хүлээж байна” гэв. Тэрбээр энэ талаар мэдээлэл өгөхдөө ихэд болгоомжилж буй нь илт анзаарагдсан юм.
Харин “Самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн нэгэн гишүүн ний нуугүй ярилаа. “Ажилтангүй, зөвхөн цаасан дээр үйл ажиллагаа явуулдаг, хуурамч аж ахуйн нэгж цөөнгүй бий. БОАЖЯ 2014 оноос хойш 80 орчим аж ахуйн нэгжид байгалийн дагалт баялаг ашиглах, экспортлох тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс үйлдвэрлэл бодитой эрхэлдэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгодог, экспортолдог, ажилтан цалинжуулдаг, нийгмийн даатгал төлдөг нь маш цөөн. Ихдээ 10 гаруй бий. Энэ асуудлыг цэгцлэх цаг нь болсон. Манай холбооны зүгээс яаманд удаа дараа ийм санал тавьсан. Одоо хууль, журам шинэчлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Цаасан дээрх хуурамч компаниудыг цэгцэлж, хууль, эрх зүйн орчноо сайжруулахад анхаарахгүй бол тэд Монгол орны хушин ойг сүйтгэж, баялгийг нь цөлмөж дуусгах нь” гэсэн юм.
Одоогоор “Идэр чандмань”, “Тайхарын цуурай”, “Пиножой интернэшнл”, “Буман боргоцой”, “Арвин боргоцой”, “Мофко групп”, “Дархан, Сэлэнгэ говь”, “Цэцманхан”, “Оргих наран булаг”, “Бэржинхангай”, “Эс эйч би си”, “Nord road” зэрэг цөөн компани хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг дээрх холбооныхон онцоллоо. Эдгээр аж ахуйн нэгж “Нэг хэсэг нь стандарт, журмын дагуу үйл ажиллагаа явуулж, орлогоо бүрэн мэдүүлэн, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байхад зарим нь үүнтэй холбоотой мэдээллээ нуун дарагдуулж, худал мэдүүлж буй нь гарааны тэгш бус байдлыг бий болгож байна” гэсэн асуудал дэвшүүлж, БОАЖЯ, МҮХАҮТ-д хандсаар иржээ. Харамсалтай нь, холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнөөдөртэй золгосонаж.
МҮХАҮТ аж ахуйн нэгжүүдэд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй, экспортод саад учруулж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед тархаад буй. Цахим мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонинууд ийм агуулгатай ижил бичвэр нийтлэх болсон. Тэгвэл үүний цаад шалтгаан нь хууль бусаар самар экспортолдог аж ахуйн нэгж, ченж нартай холбоотой гэдгийг тус танхимын дарга Т.Дүүрэн онцолжээ. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Самрын бизнес эрхлэгчдийн олонх нь хятад ченжийн бүтээгдэхүүнийг нэг жилийн настай, цаасан дээрх компаниараа зуучлан хил давуулдаг. Бичиг баримтын зөрчилтэй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд л ийм яриа, маргаан үүсгэсэн. Бүх үйл ажиллагаа нь ил тод, зөрчилгүй компаниудад гарал үүслийн гэрчилгээ саадгүй олгож байгаа. Холбогдох байгууллагын статистик, мэдээлэлд манай улс 2020 онд таван сая ам.долларын самар экспортолсон гэж дурдсан байсан. Гэтэл бодит байдалд үүнээс 10 дахин их хэмжээний самар хилээр гаргасан байгаа юм. Бид “Нийт борлуулалтынхаа ядаж 30 хувийг ил тод болго” гэсэн шаардлага ченжүүдэд тавьсан ч хүлээж аваагүй. Үүн дээр ойлголцож чадаагүйн улмаас зарим аж ахуйн нэгжид гарал үүслийн гэрчилгээ олгохоос татгалзсан” гэсэн байна билээ. Хэрэв ийм асуудал байгаа нь үнэхээр үнэн бол, тухайн байгууллагынхан аж ахуйн нэгжүүдэд гарал үүслийн гэрчилгээ олгохдоо ашиг сонирхлын үүднээс ялгавартай хандаагүй л бол ингэж “гэдийх нь” яалт ч үгүй зөв. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих нь мэдээж чухал. Гэхдээ үүнийг хууль, журмын хүрээнд, ил тод байлгах нь илүү чухал билээ.
Нөгөө тээгүүр, зөвхөн аж ахуйн нэгжүүдийг шалгаад, “шигшээд” өнгөрөх бус, холбогдох байгууллагуудын хариуцлагыг сайжруулах чиглэлд ч анхаарах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд самар экспортлохын тулд олон байгууллага “дамждаг”. БОАЖЯ гэхэд хоёр төрлийн зөвшөөрөл олгодог. Нэг нь ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах, нөгөө нь экспортлох. Экспортлох тохиолдолд тэмдэгтийн хураамж гэж кг тутамд нь 3000 төгрөг төлж, эрхийн гэрчилгээ авна. Харин үүний дараа МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Сүүлд нь гаалийн бүрдүүлэлт хийдэг. Тэгэхээр цаасан дээр бүртгэлтэй, татвар, хураамжаа хууль, журмын дагуу төлдөггүй, мянга мянган тонн самар хилээр гаргадаг гэх аж ахуйн нэгж олширсонд эдгээр байгууллага ч буруутай. БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд самрын бизнес эрхлэгч компанийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, олон сая төгрөгийн авлига авсан хэрэг хэдхэн жилийн өмнө ил болж, ялшийтгүүлжбайсан шүү дээ. Тэгэхээр хуулиас гадуур гэх аж ахуйн нэгжүүдэд “хулгай хийх” боломж олгодог тогтолцоог ч эргэн харах хэрэгтэй. ЗГХЭГ-аас томилсон ажлын хэсэг энэ чиглэлд илүү анхаарвал тохиромжтой мэт санагдана.
“Татвар төлдөггүй” гэх буруутгал тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй, аж ахуйн нэгжийн зохион байгуулалтгүй, ченж нарт л хамаатайг “Буман боргоцой” компанийн захирал С.Жаргалбат хэллээ. Хууль ёсны дагуу ажилладаг компаниуд онцгой өндөр хэмжээнд татвар төлдгийг тэрбээр дурдав. “Бид самар бэлтгэхдээ БОАЖЯ-наас ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах зөвшөөрөл авдаг. Дараа нь орон нутагтайгэрээ хийж, хаанаас, хэчнээн кг самар бэлтгэхээ тогтоод, байгалийн нөөц ашигласны төлбөр болгож кг тутамд нь 1400 (өмнө нь 800 байсныг энэ оноос ийнхүү нэмсэн) төгрөгийн хураамж өгдөг. 100 тн самар бэлтгэхээр бол 140 сая төгрөгийн хураамж төлнө гэсэн үг. Үүнийгээ үйлдвэрт авчрахдаа гоожин, тээвэрлэлтийн зардалд мөн багагүй мөнгө үрнэ. Экспортлох зөвшөөрөл авахын тулд тэмдэгтийн хураамжид кг тутамд нь 3000 төгрөг төлдөг. Хүмүүсээ цалинжуулна, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлнө. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод 5-10 хувийн татвар төлдөг бол самрын бизнес эрхлэгчдэд 25 хувийн татвар ногдуулдаг. Дээрээс нь ГЕГ-ынхан “Зах зээлийн үнээс доогуур ханшаар бүрдүүлэлт хийсэн байна” гэж дарамтална. МҮХАҮТ ч ийм, тийм хураамж авна гэдэг. Үнэндээ самрын бизнес эрхлэгчдийг энэ хэдэн байгууллага босох сөхөөгүй болтол нь татвар, хураамжаар дарамталдаг” гэв.
Одоогоор самрын экспорт зогсонги байгаа аж. МҮХАҮТ-ын зүгээс “Гарал үүслийн гэрчилгээ хэвийн олгож байгаа” гэж мэдээлж буй ч бизнес эрхлэгч, ченж нартай зөвшилцөл, ойлголцолд хүрэх нэрийдлээр бусад аж ахуйн нэгжид хүндрэл учруулах болжээ. Харин БОАЖЯ аж ахуйн нэгжүүдийг шалгаж, цэгцэлсний дараа экспортыгэрчимжүүлэх, хил, гаалийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хуримтлагдсан өмнөх жилүүдийн нөөцийг борлуулж, “түгжигдсэн” мөнгийг эргэлтэд оруулах бодлого баримталж буйгаа хэллээ. Эдгээр байгууллагын цаашид гаргах шийдвэр, хэрэгжүүлэх бодлого ямар ч байлаа гэсэн хууль, журмын хүрээнд ажиллаж, бор зүрхээрээ зүтгэж буй аж ахуйн нэгжүүдэд бүү дарамт болоосой, битгийсөргөөр нөлөөлөөсэй. Цар тахлын хямрал тэднийг өнгөрсөн жилүүдэд чамгүй сорьж, туйлдуулсан шүү дээ.