Үндсэн хууль батлагдсаны 30, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой өчигдөр тохиов. Нийслэл Улаанбаатар хотын ИТХ нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаас тусгаарлан, бие дааж эхэлсэн бөгөөд улмаар 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан. Тэр цаг үеэс ИТХ-ын шинэ үеийн түүх эхэлж, өдгөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хөгжлийнхөө 30 жилийнхээ босгон дээр иржээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн ИТХ-ын сонгууль болж, нийслэлчүүд 383 төлөөлөгч итгэл хүлээн сонгосон байна.
Эл түүхт ойн хүндэтгэлийн хуралдааныг нийслэлийн ИТХ XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн намрын сүүл сарын шинийн 8-ны шар морь өдрийн морин цагт эхлүүллээ. Хурлыг нээж ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ “2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан нийслэлийн ИТХ хууль, эрх зүйн шинэчлэлтийг эхлүүлсэн он жилүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Цаашлаад шинэчлэгдсэн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын эхлэлийг зөв зохион байгуулах чухал хариуцлагатай үед ажиллаж байна” хэмээн онцлоод, зочид төлөөлөгчдөд баяр хүргэсэн юм. Мөн өнгөрсөн хугацаанд сонгогдсон төлөөлөгчид иргэдийнхээ дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж, бататган хангахын төлөө үзэл бодол, мэдлэг оюунаа уралдуулан өрсөлдүүлж, цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэж ирсэн нь Монголын ардчилал, нутгийн өөрөө удирдах ёсны нэн шинэ түүх, эрх чөлөөний ололт билээ” хэмээн онцоллоо. “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй” хэмээгээд өдгөө нийслэлийн ИТХ-ын баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээг үндсэн гурван чиглэлээр томьёолсон юм. Тодруулбал, нэгдүгээрт, “Хууль, эрх зүйн орчин буюу хот, дүүрэг бие даан хөгжих хувьсгалын тохироо бүрдлээ”, хоёрдугаарт, “Төсвийн хүлээсийг тайллаа”, гуравдугаарт, “Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш” хэмээн дурдав.
Нийслэлийн захиргааны шинэ байр болох “Хангарди” ордонд болсон тус чуулганд УИХ, Засгийн газар, Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй НҮБ, Дэлхийн банкны групп, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, КОЙКА, ХБНГУ-ын төсөл, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл болон нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан үе үеийн удирдлага, төлөөлөгчдийн үе үеийн төлөөлөл, Ажлын албанд нь ажилллаж байгаа болон ажиллаж байсан ахмад ажилтнууд оролцов. Чуулганы эхэнд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нь уламжилсан юм. Тэрбээр “Төлөөллийн ардчиллыг Монголын ард түмэн сэтгэл оюун, чин хүслээрээ сонгож, Үндсэн хуулиар баталсан бөгөөд 1992 оны нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцоо нь ард түмэн төрийн эрхэнд шууд оролцож, ард түмнийхээ итгэлийг төлөөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг сонгодог зарчим юм. Үндсэн хуульд оруулсан шинэ нэмэлт, өөрчлөлтөөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоог боловсронгуй болгосон нь эдийн засгийн шинэ боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавин ажилладаг төлөөллийн онцгой субъект болохын хувьд өнгөрсөн 30 жилийн түүх бол төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж ирсэн үйл хэрэг юм” гэлээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн ИТХ болон Улаанбаатар хотын үе үеийн удирдлагад талархал илэрхийлж, баяр хүргэснийг Шадар сайд С.Амарсайхан дамжуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь, худалдаа, үйлчилгээний 86 хувь төвлөрч, ДНБ-ий 65 орчим хувийг бий болгож байна. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн идэвхтэй оролцоог хангаж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйг төлөвлөн, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна” хэмээн тэмдэглэв.
Дараа нь Засаг дарга Д.Сумъяабазар үе үеийн төлөөлөгч, удирдлагад талархал илэрхийлж, өнгөрсөн 30 жилд нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг хэрхэн тэлснийг илтгэх тоо баримтуудыг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулснаар Улаанбаатар хот нь бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хотуудаас ялгаатай тусгай хот юм гэж үзэх хуулийн үндэслэлийг бүрдүүлж, цаашдын хууль, тогтоомжийн өөрчлөлтийг хийхдээ нийслэл хотын онцлогийг харгалзан, тусад нь зохицуулах боломжийг бүрдүүлснийг тодотгов.
.Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд Азийн хөгжлийн банк тууштай дэмжлэг үзүүлэхээ тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Рамачандран Павит хэлж, баяр хүргэлээ. Нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж буй олон улсын байгууллагуудыг төлөөлөн хэлсэн үгэндээ тэрбээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан сүүлийн 30 жилийн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарт томоохон дэмжлэг үзүүлж, нийт 4.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос 120 саяыг нь “Ковид-19” цар тахлын эсрэг арга хэмжээнд, мөн 100 саяыг нь төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосныг онцолсон юм.
Үүнээс гадна 1992-1996 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажилласан Ж.Ядамсүрэн, түүний дараагийн аравны эхэнд буюу 2012-2016 онд ИТХ-ын даргаар ажилласан Д.Баттулга нар үг хэлсэн юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу социализмын үеийн 70 жилд төвлөрсөн удирдлагаас шилжиж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах замаар хэрэгжүүлэх зарчимд шилжсэнийг Ж.Ядамсүрэн тэмдэглэж байлаа. Харин Д.Баттулга “30 жилийн хугацаанд алдсан, оносон зүйл зөндөө ч оносон нь их байх. Улаанбаатар хотыг аваад үзвэл төлөөлөгч та бүхний эрх, үйл ажиллагаа чухал. “Долоон буудал”-ын Дулмаад Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа дахин төлөвлөлт хүртээлгүй. Харин бороо ороход хашааных нь урдах усыг зайлуулдаг суваг хийхэд тухайн иргэн баярлана. Үүнийг төлөөлөгч л санал гаргаж, хийдэг. Тиймээс энэ бол маш том үүрэгтэй байгууллага” хэмээж байлаа.