Ирэх оны төсвийн төслийг дагалдуулан 100 гаруй хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн бариад буй. Тэдгээрийн нэг нь Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төсөл юм. Үндсэндээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага (яам, агентлаг, аймаг, нийслэл, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд), тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг хянахад чиглэсэн хуулийг шинээр батлах гэж байгаа хэрэг. Өдгөө дотоод хяналтын нэгж нь байгууллага, албан тушаалтнаа хянадаг. Мөн аль нэгэн хуулийн хэрэгжилт, тухайн байгууллагын гүйцэтгэлийн тайланг үнэлж, дүгнэх замаар хяналт тавьж байна. Үүнийг хангалттай үр нөлөөтэй, хараат бус байж чадахгүй хэмээн үзсэн учраас ийм төсөл боловсруулжээ.
УИХ-аас удирдлагыг нь томилдог, парламентад ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага бүрэн эрхийнхээ дагуу тавих хяналтад энэ хууль хамаарахгүй хэмээж байгаа. Мөн яам нь харьяа байгууллагынхаа үйл ажиллагаанд тавих хяналт нь Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуульд холбогдохгүй аж. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах, шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд тавих хяналт дээрх хууль хамаарахгүй гэнэ. Гэхдээ эдгээр чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын бусад үйл ажиллагаанд дээрх хууль үйлчлэх юм байна. Үүнээс гадна гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудлаар хяналт, шалгалт хийхгүй.
Мэдээж хяналтыг холбогдох хуульд үндэслэн, хараат бусаар, бодитой, шуурхай, ил тод байх зарчим баримтлан явуулахаар хуульд тусгасан ч бичсэнээр нь хэрэгжих, эсэх нь эргэлзээтэй. Жишээ нь, УИХ-аас удирдлагыг нь томилдог, парламентад ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын нэг Үндэсний аудитын газар төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх эрхтэй. Тэгвэл Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийн 11.3-т “Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийж болно” хэмээн заажээ. Мөн уг төслийн 17.1.8-дЗасгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын чиг үүргийг тодорхойлохдоо “албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон зөрчил, дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, эсвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ талаар санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах” хэмээн тусгасан байна. Бас л УИХ-аас удирдлагыг нь томилдог, парламентад ажлаа хариуцан тайлагнадаг Төрийн албаны зөвлөлийн хамгийн түрүүнд хэрэгжүүлэх бүрэн эрх нь төрийн албан хаагчдад ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах, тэдний сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэшлийн туслалцаа үзүүлэх явдал болохыг Төрийн албаны тухай хуульд тодорхой заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ мэтээр хяналт тавих ажилтай нь хутгалдахгүй, давхардахгүй байж чадах, эсэхийг өнөөдөр хэлэхэд бэрх.
Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас өгсөн үүргийн дагуу, эсвэл Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар санаачилгаараа хяналт, шалгалт хийх эрхтэй байхаар уг хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гэдэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллах тохируулагч агентлаг байх бөгөөд дээрх хуулийг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх, хяналт тавих төв байгууллагыг хэлж буй. Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийг баталснаар эл байгууллагыг бий болгоно гэсэн үг. Ерөнхийдөө шалгалт, шинжилгээ, үнэлгээ, тандалт хийх, тайлан, мэдээлэл авах маягаар хяналтаа тавих юм билээ. Уг байгууллагын удирдлага буюу ерөнхий хянан шалгагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байх аж. Түүнийг томилох, чөлөөлөх эрх нь Засгийн газарт бий. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын гол чиг үүргийг хэрэгжүүлэх хүмүүсийг нь хянан шалгагч хэмээн нэрлэнэ. Тэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг гаргуулан авч, танилцах, цахим болон бусад сан, тухайн хяналт, шалгалтад хамааралтай объектод саадгүй нэвтрэх эрхтэй.
Түүнчлэн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг тус байгууллагаас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, эрхлэх асуудлынх нь хүрээнд ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх гэнэ. Улмаар төрийн байгууллагууд өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаад дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол мөрөөр нь хяналт, шалгалт явуулах юм байна. Ингээд хяналт, шалгалтын дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас эрх бүхий этгээдэд хүргүүлэх гэнэ.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоохоор ажиллаж буйгаа хэлдэг. Үүний дагуу өнгөрсөн хавар Засгийн газраас Зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч батлаагүй байна. Үүнийг баталбал төрөөс хийдэг төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2-3 жилийн хугацаанд зогсоох юм. Мөн төрийн хяналт, шалгалтын нэгдмэл тогтолцооны цөм болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг ирэх оны эхнээс татан буулгах саналаа 2023 оны улсын төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлээд буй. Одоогоор МХЕГ 26 төрлийн хяналт хэрэгжүүлж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд болон улсын байцаагч нарын чиг үүргийг салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоодод шилжүүлэх юм.
Ингэснээр одоо Шадар сайдын эрхлэх асуудлаас мэргэжлийн хяналтын чиг үүрэг хасагдаж, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын даргын хяналт, шалгалтын эрх мэдэл үлэмж нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан сайд тэргүүтэй албан тушаалтнууд баахан хүмүүсийг шалгаж, хянаад, хариуцлага тооцлоо хэмээн сүржигнэхэд гайхах зүйлгүй болно. Үнэндээ гүйцэтгэх засаглалынхан замбараагүй аашилж, авлигад идэгдэн, сахилга бат, ёс зүйгээ уландаа гишгэсэн бол тэр нь төрийн албыг сонгуулийн дараа самардаг улстөрчид, намуудын хийсэн балаг шүү дээ. Тэд УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг орон даяар хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьдгийн хувьд төрийн албыг тэднээр төсөөлөх нь элбэг. Тиймээс ч нэг агентлагийг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь тараан байршуулан, нөгөөг нь шинээр байгуулж, нэр бүхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх шийдвэрээ төсвийн төслөөр далдлан батлах нь гэж хардах хүн олон байна. Тэр ч бүү хэл, цоо шинэ, анхдагч хуулийг ийн батлуулах гэж байгаа нь хууль бус гэж үзэх хэсэг ч буй. Тэр тусмаа дээр дурдсанчлан Төрийн аудитын болон Төрийн албаны тухай зэрэг хуульдзаасан, өнөөдрийг хүртэл зохицуулж, хянаж, шалгаж ирсэн харилцааг заавал шинээр хууль баталж, давхардуулах гээд байгаа юм биш үү хэмээн шүүмжлэх болов. Үүнээс гадна өнгөрсөн онд баталсан УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиар хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх эрх УИХ-ын гишүүдэд бас бий. Засгийн газрын ажлыг л үнэлнэ гэсэн үг. Цаашлаад мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах гээд хууль тогтоогчдын зүгээс хяналт, шалгалт явуулах олон хэлбэр бий. Нэг бус удаа сонсгол зохион байгуулж, хянан, шалгах түр хороо нэлээдийгбайгуулаад буй билээ. Давхардлыг арилгана гэсэн ч тал талд хяналт, шалгалтаа харин ч нэмээд байгаа юм биш үү.