БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хушны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох асуудлаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэргэжилтнүүдтэй санал солилцжээ. Газар зүйн заалт гэдэг нь зөвхөн тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалсан онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг ялгахад ашигладаг тэмдэгт юм. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнийг хаанаас гаралтайг гэрчлэх, чанар, нэр хүндийг нь тодорхойлох чухал үзүүлэлт болдог аж. Хушны самрыг ийм заалттай болгосноор монгол бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчлах, үнэ цэнийг нь өсгөх ач холбогдолтой гэнэ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн төвийн зөвлөх, мэргэжилтнүүд уг саналтай холбогдуулан манай улсын хушин ойн өнөөгийн байдлыг судалж, үнэлэхээр болжээ. Газар зүйн заалттай болгох боломжтой гэж үзвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллах юм байна. Харин БОАЖЯ-ныхан хушин ойг ашиглах, хамгаалах, хянах ажлыг ойн анги, нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудад гэрээгээр хариуцуулах, татвар, хураамжийг хууль, журмын дагуу бүрэн авах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд анхаарахаар төлөвлөжээ. Ташрамд дурдахад, манай орны ойн сангийн таван хувийг эзэлдэг хушин ой дэлхийн самрын нийлүүлэлтийн 30 орчим хувийг дангаар бүрдүүлэх нөөцтэйд тооцогддог аж.
Бэлтгэсэн И.Мишээл