“Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээний биелэлтийг 2021 онд хянаад “сайн” гэсэн үнэлгээ өгч, дахин таван жил эл компанийг удирдуулахаар шийдвэрлэж байсан билээ. Тэгвэл “сайн” гэж үнэлэгдэж байсан Б.Ганхуяг өнөөдөр сэжигтэй нэгэн болж хувирав. Тэрбээр 2018 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай бүрэн эрхт төлөөлөгч томилж, түүнийг ажлаас нь өнгөрсөн долоо хоногт чөлөөллөө. Авлигатай тэмцэх газраас Б.Ганхуяг болон тус компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын дарга Х.Нурлат нарыг шалгаж эхэлжээ. Тэдний албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн нь тодорхой болсон. Харин ямар баримт, эд материалыг битүүмжилсэн, хураасан нь тодорхойгүй байна. Эл үйл явдал Засгийн газар Б.Ганхуягийг булхайтай хэмээн сэжиглэж буйн бүрэн илэрхийлэл болов.
Засгийн газраас өнгөрсөн сарын 5-нд Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 362 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанид энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан улсын валютын нөөцийг 500 сая ам.доллароор нэмэгдүүлэх үүрэг өгсөн юм. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” компани 300 сая ам.доллароор нэмэгдүүлэх бо ломжтойгоо илэрхийлсэн. Харин Засгийн газар заавал 500 саяд хүргэхийг шаардсан юм. Б.Ганхуяг захирал 350 сая “ногоон” л олох боломжтой гэж мэтгэсэн. Нэг талаар тэрбээр Засгийн газрын өгсөн үүргийг биелүүлэхээс тат галзсан хэрэг. Энэ үйл явдал “Эрдэнэс Тавантолгой” компанид бүрэн эрхт төлөөлөгч томилж, Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлөх өнгөн шалтаг болов бололтой.
Өнгөн шалтаг гэж онцолсон нь учиртай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар нүүрсний худалдаа тойрч, амин хувьдаа ашиг хонжоо унагадаг бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдсэн. Түүнээс хойш тэрбээр зүгээр суугаагүй болов уу. Хөшигний ард багагүй ажил амжуулж, бодож боловсруулсан гэж таамаглаж байна. Нүүрсний бүлэглэлүүдийн дунд гүйцэтгэх ажиллагаа ч явуулж, бодит мэдээлэл цуглуулсан байх ч магадлалтай. Энэ оны эхнээс бүртгэлгүй нүүрсний тухай яриа уул уурхайн салбарынхны дунд гарах болсон. Тодруулбал, Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгасан нүүрсний хэмжээ бүртгэл дээрхээсээ их байна яриа гарах болсон юм. Эх сурвалжийн мэдээлснээр бүртгэлгүй нүүрс хил давуулдаг нь тодорхой болсон гэнэ. Бүртгэлгүй нүүрс хил давуулж, орлогыг нь хувааж халаасалдаг бүлэглэл байвал хулгайчидтай тэмцэхээс өөр аргагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Ганхуягийг “хавирч” унагаснаар “нүүрсний хулгайч” нартай тэмцэх ажил эхэллээ гэж дүгнэж болох нь.
УИХ-ын 27 гишүүн Ерөнхий сайдаас Б.Ганхуягийг ажлаас нь бүү чөлөөлөөч гэж хүссэн гэх мэдээлэл гарсан. Нүүрсний экспорт тойрсон бизнест МАН, АН-ын нөлөө бүхий олон улстөрч холбогддог гэсэн яриа байдаг. Эл явдал нүүрсний бизнесийн сүлжээ улс төртэй хэрхэн орооцолдсоныг харуулж байх шиг. “Эрдэнэс Тавантолгой”-н байгуулсан гэрээг Ерөнхий сайд нь хүртэл үзэх эрхгүй байсан гэдэг. Засгийн газар одоо тус компанид бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон. Бүх зүйлийг алган дээрээ тавьсан мэт харах боломжтой. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат зургаан сар ажиллаад дүгнэлтээ танилцуулах үүрэгтэй. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладгийг олон нийт мэдэхгүй байх. Ж.Ганбатын гаргах дүгнэлтээс олон зүйлийн ужиг зангилаа, үнэн мөн тодорно гэж найдаж байна. Хэрэв Засгийн газар улстөрчдийн нөлөөнд автчихгүй бол нүүрсний экспорт тойрсон олон булхай, луйвар илэрнэ гэж учир мэдэх хүмүүс ярьж буй.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийг Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавь, Улаанбаатарын утааг бууруулах сайжруулсан түлш үйлдвэрлэхэд хөрөнгө оруул, Тавантолгойн цахилгаан станц, газрын тос дамжуулах хоолой барих төслийг санхүүжүүл гэсэн үүрэг өгсөн. Хоёр их наяд төгрөгийн бонд гаргаад ч мөнгөн урсгал нь хүрэлцэхгүй байгаа тус компани эцэст нь оффтейк гэрээ байгуулах дадал болсон аргаа хэрэглэсэн. Хятадын төрийн өмчит “Чалко” компанид таван жил нүүрс нийлүүлэх оффтейк гэрээг энэ онд байгуулан, 280 сая ам.доллар аваад буй. Тус компанид 2011 оноос хойш оффтейк гэрээ байгуулан, нүүрс нийлүүлж байгааг бид мэднэ. Мөн Хятадын төрийн өмчит “Норико интернэшнл корпорэйшн” компанид нүүрсээ нийлүүлж, жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ бариулахаар болсон. Тус компанитай бас газрын тосны дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлж, төлбөрт нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс авна. Эл компанийг хөгжлийн сан шиг харж, тал тал тийш нь татаж чангааж ажиллуулсан нь зөв байсан уу, эсвэл буруу юу гэдэгтээ Засгийн газар дүгнэлт хийх биз. Тус компанийн өөрийгөө хөгжүүлэх хөрөнгийг өөр тийш нь тарамдуулдгийг нь буруутгах олон хүн бий.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдсан олон хүн буруудсан. Энэ компанийг анх үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон Б.Энэбиш Австралид амьдарч буй. Түүний эх орондоо ирэхгүй байгаа шалтгааныг нь хэрэгт орохоос болгоомжилдог гэж тайлбарладаг. Б.Энэбишийн дараа “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажилласан, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь ял авсан. Түүнийг бас булхай, луйвар хийсэн, идсэн уусан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, эцэст нь шал өөр зүйл ангиар ялласан билээ. Тэдний хувь заяаг Б.Ганхуяг туулахыгчүгүйсгэхгүйбололтой. Үнэн хэрэгтээ булхай, луйвар хийсэн байвал буруутгахаас өөр аргагүй.
Тэднийг зөвхөн идэж шамшигдуулахын тулд энэ компанийг удирдсан гэж дүгнэвэл өрөөсгөл болно. Угаас тогтолцооны гажгаас үүдэж, энэ компанийг удирдсан олон хүн муу, муухай нэр зүүсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд, улс төрийн албан тушаалтай, эсвэл энэ чиглэлийн карьер хөөж яваа хүмүүсийг томилдог. Гүйцэтгэх захирлаар нь ч намын харьяалалтай улс төрийн карьер хийж байсан, эсвэл хийх гэж байгаа хүмүүсийг томилдог. Өөрөөр хэлбэл, тус компани улс төрөөс бүрэн хараат, улстөрчдийн халуун тогоон дунд үйл ажиллагаа явуулдаг. Иймээс эрх мэдэл бүхий улстөрчид, тэднийг тойрон хүрээлэгчдийн нөлөөнд автах нь ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой”-д бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор олон улстөрчийн хэрэг явдал хөндөгдөх байх. Тиймээс тэд ихээхэн болгоомжилж буй болов уу.
Улс төр, бизнес хоёр холилдохоороо бантан болдог. Ийм явдлын бэлэн жишээ “Эрдэнэс Тавантолгой” болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Бүрэн эрхт төлөөлөгч зургаан сар ажиллаад ямар нэгэн дүгнэлт танилцуулах нь дамжиггүй. Хардлага дагуулсан хэрэг явдал тийм ч сүртэй биш байдлаар төгсөж магадгүй л юм. Гэлээ ч “Эрдэнэс Тавантолгой” компани дахьтөрийн оролцоог бууруулах хэрэгтэй. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Тус компанийн хувьцааг монгол хүн бүр эзэмшиж буй. Одоогоор элкомпани 8-9 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгөтэй болсон. Тиймээс хувьцааг нь бүрэн “амилуулж”, олон нийтийн компани болгох нь зүйтэй. Төлөөлөн удирдах зөвлөлд нь улстөрч биш, хөрөнгө оруулалтын сангийн менежер байвал нөхцөл байдал шал өөрөөр эргэх нь дамжиггүй.
“Эрдэнэс Тавантолгой” маш том холдинг компани болсон. Ийм компанийг бизнесийн мэдлэг, туршлага багатай улстөрч удирдахад бэрх. Тиймээс менежментийг нь уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтын талаар өндөр мэдлэг, туршлага хуримтлуулсан багаар хийлгэх хэрэгтэй. Тус компани олон жил ажиллах нөөцтэйг бид мэднэ. Энүүхэндээ бол бие биеэ шалгаж, шүүх нь жижиг асуудал. “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгож, менежментийг нь мэргэжлийн хүмүүс хийдэг соёл тогтоовол Ерөнхий сайдын “хавираа” төгс болох гээд байна.