Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр Засгийн газар авлигатай тэмцэх, авлигын индекс бууруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг эхэнд нь онцлоод “Авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадаас хөрөнгө оруулалт татаж чадахгүй. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахгүйгээр гадаад хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, эдийн засгаа тэлэх боломжгүй. Тиймээс ийм хэргүүдийг шударгаар шийдвэрлэх ёстой” гэв.
Дээрх ажлын хэсгийнхэн АТГ, ЦЕГ газар зэрэг холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, танилцуулга, мэдээлэл авсны дагуу өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсын хууль хяналтын байгууллагаас шалгасан, хаасан, одоо мөрдөн шалгаж байгаа, шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийг судалжээ. Энэ хугацааанд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэд хохирсон байж болзошгүй 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20-ийг нь хааж, 15-ыг хэрэгсэхгүй болгожээ. Өдгөө үүний 15-ыг нь мөрдөн шалгаж буй бол гурав нь шүүхийн шатанд байгаа аж. Дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Эдгээрийн дийлэнх буюу 65 хувь нь залилах, хөрөнгө завших, мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэрэг байгааг дурдав.
Х.Нямбаатар сайд Япон улсын иргэн Такахама Кеничи, Цүнэяки Хара (“Суруга” корпорацын гүйцэтгэх захирал агсан), Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсонтой холбоотой хэргийг жишээ болгон яриад “Хууль хяналтын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон зарим хэргийг нягтлах, дахин нээх, удаашралтай байгааг нь шуурхайлуулах чиглэлд цаашид анхаарч ажиллана” гэлээ.
Бэлтгэсэн И.Мишээл