Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар 193 орноос 127 дугаарт жагсаж байна. Уг нь сүүлийн хоёр удаагийн сонгуулиар УИХ-д 13 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний дунд эзлэх хувь нь 17.1-тхүрсэн нь манай хамгийн өндөр үзүүлэлт юм. Ганц хууль тогтоох дээд байгууллага гэлтгүй аймаг, нийслэлийн ИТХ, төрийн улс төрийн болон захиргааны удирдах албан тушаал хашиж буй эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байлаа. Тухайлбал, нутгийн өөрийн удирдлагын байгууллага ИТХ дахь энэ хүйсийн төлөөлөл шат ахих тусам багасаж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-д эмэгтэй төлөөлөгчид дөнгөж 15 хувийг эзэлж байгаа бол сум, дүүргийнхэд 2016 онд 27.1, 2020 онд 28.6 хувьд хүрчээ. Мөн өнгөрсөн оны байдлаар төрийн улс төрийн албан тушаалд томилогдсон хүмүүсийн 23.9, захиргааны албан хаагчдаас тэргүүн түшмэлийн хэмжээнд ажиллагсдын 25.7 хувь нь эмэгтэйчүүд аж. Бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэн, 2015 он гэхэд 30 хувьд хүргэх Мянганы хөгжлийн зорилтоо хангаж чадаагүй. НҮБ-аас дэвшүүлсэн дараагийн зорилт болох “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д заасан дээрх шалгуур үзүүлэлтэд ирэх жилүүдэд хүрч чадах уу.
Үүний тулд сүүлийн сонгуулиудад хуулиар тогтоосон квотыг хэрэглэж байгаа нь цорын ганц хөшүүрэг гэж хэлж болно. Улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлсэн нийт хүний 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан бөгөөд үүнийг биелүүлэхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй байх зохицуулалттай. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд ч дээрх квотыг 20 хувиар тогтоогоод буй. Эл квотыг нэмэгдүүлэхийг дотоодын болон олон улсын байгууллага, судлаачид шаардсаар улиг болсон нь ч учиртай. Намууд нэр дэвшигчдийнхээ 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүдийг багтаана гэсэн эл босгыг анх 2005 онд хуульчилсан. Гэвч үүнийг хэрэгжүүлж амжилгүй, 2008 оны сонгуулийн өмнө хуулиас нь аваад хаячихсан юм. Ингээд 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа эмэгтэйчүүдийнквотыг 20 хувь болгосон түүхтэй. Үндсэндээ 2012 оны сонгуулиар л эмэгтэйчүүдийг квотоор дэмжиж эхэлсэн гэсэн үг. Ингээд 2015 онд үүнийг 30 хувь болгосон ч бас л цаасан дээр байсаар хүчингүй болчихсон. Эцэст нь 2016 онд квотыг бууруулан, 20 хувьд хүргэсэн юм.
Квотыг нь өсгөж, бууруулсан бодлогын үр дүн ямар байх нь ч тодорхой биз. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2016 онд 25.9 байсан эл үзүүлэлт өнгөрсөн сонгуулиар 24.9 болж буурав. Квот тогтоохоос өмнө буюу 2008 онд дээрх тоо 18.5 байсан бол дараагийн сонгуулиар нь 32 болж өсжээ. 2012 оны сонгуулийг холимог буюу мажоритар хувилбараар 48, пропорциональ (жагсаалт) хэлбэрээр 28 гишүүн сонгосон. Тойрогт нэр дэвшсэн 354 хүнээс 84, жагсаалтад оруулсан 190 хүний 90 нь эмэгтэй байсан юм. Гэхдээ МАН жагсаалтын 10, АН долоогоос хойш эмэгтэйчүүдийг эрэмбэлсэн байх жишээтэй. Уг нь сонгуулийн пропорциональ тогтолцоог хэрэглэж байгаа тохиолдолд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргахдаа “цахилгаан товчны зарчим” буюу гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэх маягаар сөөлжүүлэн, дарааллыг нь гаргадаг жишиг бий.
Ер нь том гэгддэг, нөлөө бүхий намууд энэ асуудалд хойрго хандаж ирсэн юм. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л Зон олны намын нэр дэвшигчдийн 77, Хөгжлийн хөтөлбөр намынхны 57, Гэр хороолол, хөгжлийн намынхны 50 хувь нь эмэгтэй байсны төлөө тэдгээрийг “бүсгүйчүүдэд ээлтэй” хэмээн тодорхойлж болох. Харин эрх баригч МАН-ын нэр дэвшигчдийн 21, сөрөг хүчин АН-ынхны 22, тус сонгуулиар парламентад суудалтай болсон “Зөв хүн-Электорат” эвслийнхний 24.5 хувь нь бүсгүйчүүд байв. Ердөө л квотыг дөнгөж хангахаас хэтэрдэггүй. Уг нь квот гэдэг нь доод босго болохоос бус, дээд хязгаар биш юм. Цаашлаад намууд эмэгтэй нэр дэвшигч, төлөөлөгчдөө дэмжих бодлого, хөтөлбөртэй, түүнийгээ нүд хуурах төдий бус, бодитой хэрэгжүүлдэг байх ёстой атал өдгөө квотоо хадгалж үлдэх, хуулиас нь хасуулахгүй байхын төлөө л хичээж сууна.
Тэгж яривал МАН-ын дүрэмд намынх нь бүх шатны сонгуульт байгууллагад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар заасан юм билээ. АН-ын хувьд намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгажээ. Гэтэл “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-аас өнгөрсөн сард танилцуулсан “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгааны тайланд дурдсанаар МАН-ын Бага хурал болон АН-ын Үндэсний бодлогын хорооны нийт гишүүний 22 орчим хувийг л бүсгүйчүүд эзэлж байна. 2020 оны байдлаар дээрх хоёр намын аймаг, нийслэл, дүүргийн хорооны удирдлагад нэг ч эмэгтэй дарга байхгүй талаар ч дурджээ. Намууд дүрэм, журмаараа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зохицуулалт маш сул, байгаа бага сага зохицуулалтаа хэрэгжүүлдэггүйн жишээ энэ.
Гэтэл зөвхөн квотыг хуульчилснаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлдэггүйг улс, орнуудын туршлага харуулж буй. Тухайлбал, квотын хэмжээг өсгөх нийтлэг жишиг ажиглагдаж байна. Квотыг хуульчилсан 59 орноос 14 нь 50, 13 нь 40-49, 27 нь 30-39, дөрөв нь 20-25 хувиар босго тогтоожээ. Эдгээр орны шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо дунджаар 28.1 хувьтай буй гэнэ. Харин квот хэрэглэдэггүй улсуудад энэ үзүүлэлт 17.4 хувьтай гарчээ. Үүнээс гадна парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийнх нь тоогоор, эсвэл энэ хүйсийнхнийг олноор нэр дэвшүүлсэн намд төрөөс олгох санхүүжилтийг тодорхой хувиар нэмэх зохицуулалт үр дүнгээ өгч буй юм билээ. Сонирхуулахад, Хорватад жендерийн цөөн төлөөлөл бүхий нэр дэвшигч бүрийнхээ тоогоор намууд төрөөс нэмэлт 10 хувийн санхүүжилт авдаг аж. Харин БНСУ-д эмэгтэйчүүдийг 30-аас дээш хувиар нэр дэвшүүлсэн тохиолдолд тухайн нам сонгуулийн эрхтэй хүний тоог 100 воноор үржүүлсэн дүнгээр санхүүжилт авдаг бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгийг улсынхаа төсөвт тогтмол суулгадаг гэнэ.
Мөн орон нутагт харьцангуй цөөн эмэгтэй нэр дэвшиж ирэв. Сүүлийн дөрвөн сонгуулиар хөдөө, орон нутагт нэр дэвшигчдийн 18 хувь нь бүсгүйчүүд байгаа бол нийслэлд эл үзүүлэлт 30 хувьтай байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 2008 оноос хойш УИХ-ын сонгуульд нийт 38 хүн нэр дэвшсэн ч тэдний дотор нэг л эмэгтэй байжээ.
Квот тогтоолоо гээд шууд үр дүнд хүрдэггүйг бидний туршлага харуулж байна. Нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байлаа гээд бүгд сонгогддоггүйг манай түүх бэлхнээ гэрчилнэ. Иймд квотын үр нөлөөтэй шууд хамааралтай сонгуулийн тогтолцоогоо эргэн харах зайлшгүй шаардлага тулгарч байна. Сонгуулийн тогтолцоо нь манай орны хувьд олон жилийн турш яригдаж ирсэн асуудал. Үндсэн хууль өөр бусад хууль, тогтоомжийн хүрээнд төдийгүй нийгмийн хэмжээнд маргаан, хэлэлцүүлэг, талцал дагуулсан сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, эсэх нь өдгөө бүр ч анхаарал татаж буй. Юутай ч 100 хувь мажоритар хэлбэрийг өөрчилж, пропорциональ хувилбар бүхий холимог тогтолцоог хуульчлах боломж бүрдээд буй. Иймд тогтолцоог өөрчиллөө гэхэд дээр дурдсанчлан нэр дэвшигчийн жагсаалтыг гаргахдаа эмэгтэйчүүдийг дэмжсэн хөшүүрэг, зохицуулалтыг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх вэ гэдэгтээ хүртэл нухацтай хандах хэрэгтэй болох нь.