Улсын Их Хурлын Дарга Гомбожавын Занданшатарын БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Үндэсний Cтатистикийн Хороо болон БНСУ-ын Статистикийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, БНСУ-ын Статистикийн газрын дарга Хоон ХАН нар гарын үсэг зурав.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр улсын статистикийн байгууллагууд харилцан туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, судалгааны ажил, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр талууд хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны МОНСИС системийг 2012 онд нэвтрүүлсэн нь чухал үр дүнтэй ажил болсныг цохон тэмдэглэв.
Цаашид нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны техник туслалцаагаар Монгол Улсад хэрэгжих “Төрийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах” төсөлд хамтран ажиллахаа илэрхийллээ.