Ираны Шираз хот дахь Шах-Черах бунханд гурван этгээд гал нээсний улмаас 15 хүн, тэдний дотор нэг эмэгтэй, хоёр хүүхэд амиа алдаж, 27 иргэн шархадсан тухай IRNA агентлаг мэдээллээ. Гэмт этгээдүүдийн хоёрыг нь баривчилж, нэгийг нь эрэн сурвалжилж байна.
Халдлагын хариуцлагыг “Исламын улс” хүлээжбуйгтус террорист бүлэглэлтэй холбоотой цахим хуудсууд мэдээлснийг “Reuters” агентлаг уламжиллаа. Хэдийгээр Ираны эрх баригчид тус бүлэглэлийн заналт дайснуудын тоонд багтдаг ч энэ улсын нутаг дэвсгэрт халдлага харьцангуй ховор байдаг. Хамгийн сүүлд 2018 онд Ахваз хотод болсон цэргийн ёслолын жагсаалын үеэр болсон халдлагын үеэр 30 орчим хүн амиа алдсан юм. Үүнээс өмнө 2017 онд Аятолла Хомейнигийн бунхан болон Ираны парламентад гарсан халдлагын хариуцлагыг “Исламын улс”-ынхан хүлээж байв.
Шах-Черах бунхан нь Шираз хотын гол үзмэрүүдийн нэг бөгөөд шашны гол шүтээн бүхий газар юм. Шиитүүд номлогч Мухаммедын залгамжлагч гэгдэх 12 имамын тоонд багтдаг, ах, дүү Ахмад, Мохаммед Реза нарын бунхан энд байрладаг. Тэд имам Муса аль-Казимын хөвгүүд гэнэ.
Хэргийн газрын байдлыг харуулсан гэрэл зургуудыг нийтэлсэн IRNA агентлаг гэмт этгээдүүдийг такфирүүд гэж нэрлэжээ. Үүнийг Ираны эрх баригчид суннитүүдийн зэвсэглэсэн, хэт давруу үзэлтнүүдийг тодорхойлохдоо ашигладаг юм. Халдлага үйлдэгсдийн дунд Ираны иргэн байгаагүйг хууль сахиулах байгууллагынхан нь мэдэгдлээ. Террорист халдлагатай холбогдуулан Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди мэдэгдэл хийхдээ тус улсад болж буй эмх замбараагүй явдал аюултай чиглэлд шилжсэнийг тэмдэглээд, үүнийг террорист хөдөлгөөнийнхөн ашиглаж байгааг онцлов. 22 настай Махса Амини амьсгал хурааснаас хойших 40 дэх хоног ньбунханд халдсан өдөртэй давхацжээ. Мөн өдөр оршуулгын газарт болсон түүний дурсгалыг хүндэтгэн гашуудах ёслолд оролцож байсан хүмүүс рүү Ираны аюулгүй байдлын албаныхан гал нээсэн гэнэ. М.Аминиг оршуулснаас хойш тус улсад эсэргүүцлийн жагсаал, цуглаан үргэлжилж, энэ үеэр эмх замбараагүй байдал үүсэж, баривчилгаа болсон. Энэ бүсгүйг хувцаслалтын дүрэм зөрчсөн үндэслэлээрцагдаагийн хэлтэст хүргэгдэн, байцаагдаж байхдаа зүрхний шигдээсээр нас барсан хэмээн албан ёсны мэдээлэлд дурддаг ч нийгмийн сүлжээнүүдэд түүнийг эрүү шүүлтийн улмаас амьсгал хураасан гэж бичиж буй билээ.