УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард парламент баталсан. Уг хуулийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн, эсэх талаар нэр бүхий иргэн Цэцэд мэдээлэл гаргажээ. Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн аж. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх сарын 4-нд товложээ.
Дээрх заалтуудад Цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, ОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, ерөнхий аудитор, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийнх нь дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, (гишүүн), Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаар томилгооны сонсгол хийхээр заасан. Ингэхдээ УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол нэр дэвшигчийн сонсгол хийхээр тусгасан юм.
Бэлтгэсэн Б.Уран