Индонезийн эрх баригчид гадаадын чинээлэг иргэд, хөрөнгө оруулагчид болон өндөр мэргэшсэн боловсон хүчинд урт хугацааны виз олгох шинэ журам гаргаж буй тухай news. detik.com цахим хуудас мэдээлэв. “Хоёр дахь гэр” хэмээн нэрлэсэн тусгай визийг таван жилийн хугацаатай олгох бөгөөд 10 хүртэл жил сунгах боломжтой гэж Индонезийн Цагаачлалын албаны ерөнхий захирал Видодо Экатьяхьяна хэлжээ. Тус улсын эрх баригчид юуны түрүүнд хөрөнгө оруулагчид, томоохон хөрөнгөтэй хүмүүсийг ингэж эх орондоо татахыг зорьж байна. Үүнээс гадна аль ч салбарын өндөр ур чадвартай хүмүүс, гадаад дахь индонезчүүдэд ийм виз авах боломжтой. Индонез улс энэ онд гадаадаас 76.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар зорьж байгааг “South China morning post” сонин уламжилсан. Өнгөрсөн жил энэ тоо 57.6 тэрбум ам.доллар байсан. “Хоёр дахь гэр” визийг нэвтрүүлснээр тус улс гадаадын хөрөнгө оруулагчдыг визийн тусгай нөхцөлөөр хангадаг, тэр дундаа хэдэн жил оршин суусны дараа иргэншил авах эрх олгодог орнуудын эгнээнд нэгдэх юм.