Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанганыг өчигдөр хүлээн авч уулзав. Р.Буанган Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг дэд сайдад гардуулсан юм. Монгол Улсын чухал гуравдагч хөрш, стратегийн түнш орон болох АНУ-тай тогтоосон харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг дэд сайд тэмдэглээд, Элчин сайдтай Монгол, Америкийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө идэвх, санаачилга гаргахдаа баяртай буйгаа илэрхийллээ. Элчин сайдын зүгээс АНУ-ын засаг захиргаа Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж байдаг бөгөөд хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.
Бэлтгэсэн У.Наран